Dark Light
Гадаад | 2026-09-18

АНУ ИРАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ НУТАГТАА НЭВТРЭХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Харин Газын зурвасын асуудлаас болж Палестины төлөөлөгчдийг НҮБ-ын хуралд оролцуулахаас татгалзаж, визийг нь цуцалжээ.

АНУ болон Иран улсуудын хооронд зургаан сар гаруй хугацаанд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж, санхүүгийн сүлжээг нь бүрэн хаагаад байгаа ч Вашингтоны зүгээс Ираны өндөр албан тушаалтнуудад дипломат суваг нээж өглөө. АНУ-ын Төрийн департаментаас Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, Гадаад хэргийн сайд Аббас Арагчи нарын тэргүүтэй гол төлөөлөгчдөд Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох визийг нь олгосон байна.

АНУ НҮБ-ыг зохион байгуулагч орны хувиар ийнхүү виз олгох үүрэгтэй ч энэ удаад Ираны төлөөлөгчдөд урьд өмнөхөөсөө хатуу, чанга нөхцөл тулгажээ.

Ираны төлөөлөгчдөд тавьсан АНУ-ын "чанга" хязгаарлалтууд:

  • Зорчих бүсийг тусгаарлав: Ираны Ерөнхийлөгч болон түүний баг зөвхөн НҮБ-ын төв байр болон заасан тусгай бүсээс гадагш зорчих эрхгүй.

  • Шопинг хийхийг хориглов: Төлөөлөгчдийг АНУ-ын нутаг дэвсгэрээс ямар нэгэн тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авахыг шууд хориглосон байна.

  • Бүрэлдэхүүнийг цөөлөв: Төлөөлөгчдийн тоог өмнөх жилүүдийнхээс эрс цөөрүүлж, зөвхөн шаардлагатай ажлын хэсгийг л нэвтрүүлжээ.

Хоёр улсын хувьд Ормузын хоолойг эргүүлэн нээх, цөмийн хэлэлцээрт эргэж орох зэрэг гол асуудлууд дээр сөргөлдсөөр байгаа бөгөөд Улаан тэнгис дэх Хусит босогчдын халдлагаас болж газрын тосны үнэ өссөөр байгаа юм. Олон улсын ажиглагчид энэхүү айлчлалыг далд хэлэлцээр хийж, мөргөлдөөнийг намжаах дипломат гарц болж магадгүй хэмээн харж байна.

Палестиныг "жийв"

Иранд виз олгосон атлаа АНУ-ын Засгийн газар Палестины Үндэсний Засаг захиргааны төлөөлөгчдөд виз олгохоос татгалзсан нь шуугиан тариад байна. Палестинчууд Газын зурвас дахь мөргөлдөөнийг олон улсын шинжтэй болгож, Олон улсын шүүхэд (ICJ) гомдол гаргасан тул АНУ үүнийг нь "шийтгэж" ийм алхам хийсэн гэж тайлбарлаж байна. Палестины тал үүнийг энхийн замаар асуудлыг шийдвэрлэхэд ямар ч тус болохгүй, улс төрийн яриа хэлэлцээг нураасан үйлдэл гэж эрс шүүмжиллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19