Пентагоны нууц тайланг Конгресст танилцуулав. Дайн үргэлжилсэн сар бүр Вашингтоноос нэмэлт 2-3 тэрбум доллар "шаардаж" байна.
АНУ-ын Засгийн газраас Иран улсын эсрэг явуулж буй цэргийн ажиллагааны шууд болон шууд бус зардал олон улсын шинжээчдийн урьдчилан таамаглаж байснаас хамаагүй хурдацтай өсөж, 45.1 тэрбум ам.долларт хүрсэн тухай CNN агентлаг Пентагоны хамгийн сүүлийн үеийн нууц тайлангаас иш татан мэдээллээ.
АНУ-ын Батлан хамгаалах яамны (Пентагон) Конгресст өргөн барьсан албан ёсны баримтад дурдсанаар, 2026 оны 9 дүгээр сарын 3-ны байдлаар зөвхөн цэргийн ажиллагаанд 43.6 тэрбум ам.доллар зарцуулагдсан бол нэмэлт түлш, шатахууны хангамжид дахин 1.5 тэрбум доллар зарцуулжээ.
Төсөөлж байснаас хамаагүй өндөр өртөг
Энэхүү аварга дүн нь АНУ-ын Конгрессын Төсвийн албанаас урьдчилан тооцоолж байсан 38 тэрбум ам.долларын урьдчилсан прогнозыг хэдийнэ давж гарсан байна. Өмнө нь тус улсын Ерөнхий байцаагчийн тайланд дурдсанаар зөвхөн хэдхэн сарын хугацаанд цэргийн ажиллагаанд 33.4 тэрбум доллар үрсний даруй 22.3 тэрбум доллар нь дан ганц байлдааны зэвсэг, сум хэрэгслийн зардал байсан гэжээ.
Хамгийн анхаарал татаж буй нь 45.1 тэрбум ам.доллар гэдэг бол эцсийн дүн биш юм. Учир нь энэхүү тооцоололд:
-
Бүс нутагт халдлагад өртөж, гэмтсэн АНУ-ын цэргийн баазуудыг эргүүлэн сэргээн засварлах, барилга байгууламжийн өртөг ороогүй.
-
Цэргийн ажиллагаатай холбоотой гарсан бусад дам зардлуудыг бүрэн тусгаагүй байна.
Сар бүр 2-3 тэрбум доллар "урсаж" байна
АНУ-ын Төсвийн албаны шинжээчдийн үзэж буйгаар, хэрэв Ираны эсрэг хийж буй зэвсэгт мөргөлдөөн одоогийнх шиг харьцангуй "бага эрчимтэй" хэлбэрээр үргэлжилбэл нэмэлт сар бүр Вашингтоны төсвөөс 2-оос 3 тэрбум ам.доллар тогтмол шаардах гэнэ. Харин хоёр улсын хоорондох геополитикийн тэмцэл улам хурцадвал энэ зардал хэд дахин өсөх эрсдэлтэйг анхааруулжээ.
Zogii.mn-ийн дүгнэлт:
Энэхүү мэдээлэл нь орчин үеийн супер гүрнүүдийн геополитикийн дайн гэдэг зөвхөн цэргийн хүч биш, харин эдийн засаг, татвар төлөгчдийн мөнгийг асар ихээр сордог "санхүүгийн том сорилт" гэдгийг бэлхнээ харуулж байна. АНУ-ын энэхүү асар том цэргийн зардал нь дэлхийн зах зээл дэх долларын ханш болон газрын тосны үнийн хэлбэлзэлд шууд нөлөөлөх хэмжээний мега өөрчлөлт юм.
ТАТАР МАЙДАР





)

Гадаад




