Технологийн салбарт нэгэн шуугиан тарьсан шинэ нээлт худалдаанд гарсан нь "Apple" компанийн шинээр танилцуулсан iPhone 18 Pro болон iPhone 18 Pro Max загварууд байв. Технологийн хорхойтнуудын дунд хүлээлт үүсгээд байсан гол асуулт бол шинэ айфонууддаа "Apple" өөрсдийн зохион бүтээсэн 5G сүлжээний чипийг (модем) ашиглах уу, эсвэл уламжлал ёсоор "Qualcomm" компанийн чипийг тавих уу гэдэг байлаа. Сүүлийн үеийн шинжилгээний дүнгээр "Apple" компани айфоны түүхэнд анх удаа нэг ижил цувралын "Pro" загварууддаа хоёр өөр сүлжээний чип суулгаж өгсөн нь ил болжээ.
Тодруулбал, салбарын тэргүүлэгч "TechInsights" байгууллагын хийсэн урьдчилсан задлан шинжилгээгээр хамгийн өндөр зэрэглэлийн iPhone 18 Pro Max загварт "Qualcomm" компанийн "Snapdragon X80" модемийг ашигласан болохыг илрүүлжээ. Харин арай бага хэмжээтэй iPhone 18 Pro загварт "Apple" өөрсдийн зохион бүтээсэн "C2" 5G сүлжээний модемийг суулгасан байна. Нэг цувралын хоёр "Pro" загвар ийнхүү өөр өөр компанийн модемтой гарсан нь ухаалаг утасны түүхэнд маш ховор тохиолдол юм.
"Apple C2" болон "Qualcomm Snapdragon X80" чипүүдийн ялгаа юу вэ?
Энэ сарын эхээр болсон "Surprise and Shine" арга хэмжээний үеэр "Apple" компани өөрийн шинэ "C2" модемийг танилцуулсан юм. Уг чип нь өмнөх хувилбаруудаасаа илүү хурдан бөгөөд эрчим хүчний хэрэглээг даруй 15 хувиар бууруулж, цэнэг барилтыг илүү сайжруулсан давуу талтай аж. Мөн хамгийн өндөр хурдны "mmWave" 5G сүлжээг бүрэн дэмждэг болсон байна. "Qualcomm"-ын чип нь "Android" болон "iOS" системүүдийн аль алинд нь зориулагдсан нийтлэг шинжтэй бол "Apple"-ийн "C2" чип нь зөвхөн айфон утсанд зориулагдаж, үйлдлийн системтэйгээ маш нарийн уусаж ажилладаг системийн давуу талтай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. "Apple" компани өөрсдийн энэхүү "C2" чипээ анхны эвхэгддэг утас болох "iPhone Duo" загвартаа ч мөн ашиглажээ.
Утасны доторх бусад хүчирхэг эд ангиуд
Шинжилгээгээр iPhone 18 Pro Max утасны дотроос сүлжээний чипээс гадна маш хүчирхэг үзүүлэлтүүд илэрсэн байна. Тухайлбал, утас нь хамгийн сүүлийн үеийн A20 Pro процессор болон асар өндөр хурдны 12GB RAM (LPDDR5X)-аар тоноглогдсон аж. Энэхүү шуурхай санах ойн үндсэн нийлүүлэгчээр Өмнөд Солонгосын "Samsung" компани ажиллаж байгаа бөгөөд нэмэлтээр "SK Hynix" болон "Micron" компаниуд эд ангиудыг нийлүүлж байгаа юм байна. Мөн "Broadcom" компанийн чипийг халж, "Apple"-ийн өөрсдийн бүтээсэн Wi-Fi болон Bluetooth-ийг удирдах "N1" сүлжээний процессор суулгаж өгсөн нь "AirDrop" хийх хурдыг нэмэгдүүлж, утасны батерейг хэмнэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ. Түүнчлэн, ирэх жил "Apple" компани өрсөлдөгчдөө бүх чадлаараа гүйцэж түрүүлэх, хиймэл оюун ухааны өндөр чадамжтай дараагийн үеийн "C3" чипээ танилцуулахаар ажиллаж байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад



