ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины армийн хүнд бөмбөгдөгч дроны тактикийг хуулбарлах замаар "Мангас" (Mangas) хэмээх өөрийн гэсэн хүнд олон роторт бөмбөгдөгч дроныг бүтээсэн байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, уг шинэ дроныг Украины эсрэг дайнд аль хэдийн ашиглаж эхэлсэн бөгөөд одоогоор "Север" (Умар) бүлэглэлийн Армийн 11 дүгээр корпусын цэргүүд фронтын шугамд байлдааны үүрэг гүйцэтгүүлэхдээ ашиглаж байгаа аж.
Тус дроныг шөнийн цагаар дулаан мэдрэгч (термо) камерын тусламжтайгаар довтолгоо хийхэд голчлон ашиглаж байна. "Мангас" хүнд дроныг Буриадын Улаан-Үд хотын "Байгаль" тактикийн баг (Baikal Tactical Group) болон "Курьер" (Kurier) компани хамтран зохион бүтээжээ. Уг дроныг үйлдвэрлэж эхэлсэн талаар анх 2025 оны есдүгээр сард зарлаж байсан бөгөөд одоо ийнхүү масс үйлдвэрлэлд шилжсэн байна.
"Мангас" хексакоптер (зургаан сэнстэй дрон) нь Оросын талд "Баба Яга" гэгддэг Украины алдарт "VAMPIRE" бөмбөгдөгч дроны эсрэг барьж буй хариу шийдэл юм. Үүнээс өмнө ОХУ өөрсдөө бие даан ийм ангиллын хүнд дрон үйлдвэрлэж чадахгүй байсны улмаас фронтоос олзолсон болон сүйрсэн Украины "VAMPIRE" дронуудыг засаж, эргүүлэн ашиглах тусгай сүлжээг хүртэл байгуулаад байсан түүхтэй.
Техникийн үзүүлэлт ба онцлог:
-
Бүтэц: Зургаан тулгууртай, тулгуур бүр дээрээ сэнстэй сонгодог мультиротор загварын архитектуртай.
-
Тэжээл ба удирдлага: Цэнэглэдэг батерейгаар ажилладаг бөгөөд автомат жолоодлогын (autopilot) системтэй.
-
Хамгаалалт: Цэргийн зориулалттай тул дайсны радио цахим тэмцлийн (EW) систем, долгион сарниулагчийн эсрэг хамгаалалтаар тоноглогдсон.
-
Хүчин чадал: Хамгийн бага ачаалалтай үедээ 50 км хүртэлх зайд нисэж, урд шугамын ангиудыг дэмжих болон тактикийн бөмбөгдөлт хийх чадвартай.
ТАТАР МАЙДАР







Гадаад




