Бүгд Найрамдах Киргиз Улсын ерөнхийлөгч Садыр Жапаров есдүгээр сарын 21-ний өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо Америкийн бизнесийн хүрээнийхэнтэй уулзах үеэрээ уул уурхайн үйлдвэрлэл, нэхмэл эдлэл (текстиль) болон барилгын салбарыг хамтран ажиллах хамгийн ирээдүйтэй чиглэлүүд хэмээн тодорхойлсныг ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Киргизийн ерөнхийлөгчийн тэмдэглэснээр, 2020 оноос хойш тус улсад гэмт хэргийн бүлэглэлүүдийн нөлөөг устгах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх чиглэлээр тууштай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна. Өмнөх арван жилүүдэд зохион байгуулалттай гэмт хэрэг нь бизнесийн орчинд томоохон эрсдэл үүсгэж байсан бол, авч хэрэгжүүлсэн шинэчлэлийн үр дүнд хувийн өмчийг хамгаалах, энтрепренерүүд чөлөөтэй үйл ажиллагаа явуулах таатай нөхцөл бүрдсэн гэдгийг тэрээр тайлбарлав.
С.Жапаров авлигатай тэмцэх ажил нь Киргизийн төрийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг хэвээр байх болно гэдгийг нэмж дурдаад, шинээр хэрэгжүүлэх төслүүдэд Америкийн хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Уг уулзалт нь ерөнхийлөгчийн АНУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд уулзалтыг нээж "StoneX Group" компанийн Гүйцэтгэх захирал Филип Смит үг хэлсэн байна. Уулзалтын төгсгөлд Америк-Киргизийн бизнесийн зөвлөл, "StoneX Group" болон АНУ-ын бизнесийн хамтын нийгэмлэгийн нэрийн өмнөөс Ерөнхийлөгч С.Жапаровт дурсгалын тэмдэг гардуулав.
ТАТАР МАЙДАР






Гадаад




