БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний тусгай нислэг Лхагва гарагийн (9 дүгээр сарын 23) орой Вашингтон хотын орон нутгийн цагаар 18:00 цагт (Зүүн эргийн зуны цаг буюу EDT) Эндрюс нэгдсэн баазад газардсан юм. Энэ нь Улаанбаатарын цагаар Пүрэв гарагийн (9 дүгээр сарын 24) өглөөний 06:00 цаг болж таарч байгаа бөгөөд хоёр хотын хооронд яг 12 цагийн зөрүү байдаг.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон хотын захад байрлах Эндрюс нэгдсэн баазад хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Дарга Ши Жиньпинийг онгоцны талбайд биечлэн угтан авлаа. Энэхүү үйл явдал нь Хятадын төрийн тэргүүний хувьд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Вашингтонд хийж буй анхны төрийн айлчлал болж байна.
АНУ-ын Ерөнхийлөгчид гадаадын удирдагчдыг ихэвчлэн Цагаан ордондоо хүлээж авдаг бол Д.Трамп Ши Жиньпинийг Эндрюс баазад онгоцноос буухад нь биечлэн очсон нь дипломат харилцааны хувьд маш ховор, хүндэтгэл үзүүлсэн алхам боллоо. Д.Трамп үүнийг "тэд маш сайн харилцаатай" учраас хэмээн тайлбарлажээ.
Лхагва гарагийн орой 18:00 цагийн орчимд Ши Жиньпиний онгоц газардахад Д.Трамп, Мелани Трамп нар 30 гаруй метрийн урттай улаан хивсний үзүүрт цэцэг барьсан хоёр хүүхдийн хамт угтсан байна. Талбайд АНУ-ын зэвсэгт хүчний F-16 болон F-22 сөнөөгч онгоцуудыг жагсаан байрлуулж, их буугаар ёслолын буудлага хийн, АНУ-ын Агаарын цэргийн хүчний хамтлаг хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлжээ.
Гурван өдөр үргэлжлэх энэхүү түүхэн айлчлалын үеэр хоёр улсын удирдагчид Цагаан ордонд хоёр талт уулзалт хийж, эдийн засаг, худалдаа, газрын ховор элемент болон хиймэл оюун ухааны технологи зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ хоёр улс маш сайн харилцаатай байгааг онцлоод, энэхүү уулзалтаар олон чухал хэлэлцээрүүдийг хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Пүрэв гарагийн өглөө Цагаан ордны Өмнөд талбайд (South Lawn) албан ёсны угталтын том ёслол болох бөгөөд үүнд АНУ-ын зэвсэгт хүчний бүх салбарын 500 орчим цэргийн албан хаагч оролцоно.
Айлчлалын хүрээнд Цагаан ордны Сарнайн цэцэрлэгт хүрээлэнд цэргийн жагсаал сонирхохоос гадна Зүүн танхимд Төрийн хүндэтгэлийн зоог барих юм. Тус зоогт Илон Маск, Жефф Безос, Тим Кук, Сэм Альтман зэрэг АНУ-ын технологи, бизнесийн салбарын хамгийн нөлөө бүхий эрхмүүд уригдан оролцох ажээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад



