АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы үеэр хаалттай хаалганы цаана 50 орчим минут үргэлжилсэн чухал уулзалт хийлээ. Хоёр улсын дипломат салбарын тэргүүнүүд уулзалтынхаа эхэнд хэвлэл мэдээллийнхэнд ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийлгүйгээр шууд хэлэлцээрийн ширээнд суусан байна.
Уулзалтын гол сэдэв нь Орос-Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудал байсныг хоёр талын албаны эх сурвалжууд баталлаа. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, С.Лавров мөргөлдөөнийг үүсгэсэн суурь шалтгаануудыг арилгах замаар улс төр, дипломатын аргаар зохицуулахад Москва бэлэн байгааг нотолсон байна. Үүний зэрэгцээ тэрээр Киевийн засаг захиргаа болон Европын холбоотнуудын нягт уялдаа холбоо, энгийн иргэд болон дэд бүтцэд цохилт өгч буй алхмууд нь дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворгүйжүүлж байгаад анхаарал хандуулжээ.
Харин АНУ-ын Төрийн департаментын зүгээс уг уулзалтын үр дүнгийн талаар маш товч мэдэгдэл гаргаж, Украины мөргөлдөөн болон хоёр талын харилцааны асуудал хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд байсныг баталсан байна. Түүнчлэн тус мэдэгдэлд: "Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өнөөдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзлаа. Төрийн нарийн бичгийн дарга Орос-Украины дайн болон АНУ-Оросын хоёр талт харилцааны талаар хэлэлцэв" хэмээн дурджээ.
С.Лавров, М.Рубио нар хамгийн сүүлд хоёр сарын өмнө буюу 7 дугаар сарын 22-ны өдөр Манила хотноо болсон АСЕАН-ы сайд нарын уулзалтын үеэр уулзаж байсан бөгөөд энэ удаагийн хэлэлцээ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсаны дараа болсноороо онцлог юм. Түүнчлэн Мягмар гарагт Ерөнхийлөгч Д.Трамптай уулзсаныхаа дараа В.Зеленский Украины тал эрчим хүчний салбарт гал зогсооход бэлэн байгаагаа мэдэгдээд: "Хэрэв оросууд манай эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхгүй бол бид эрчим хүчний гал зогсооход бэлэн байна" хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Үүнээс гадна сайд нар Украины асуудлаас гадна Ойрхи Дорнод, Өмнөд Кавказ, Латин Америкийн бүс нутгийн нөхцөл байдал, энэ оны эцэст болох "Их 20"-ийн (G20) уулзалтын бэлтгэл ажлын талаар санал солилцжээ. Мөн хоёр улсын ерөнхийлөгч нарын тохиролцооны дагуу хоёр талын дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг хэвийн голдиролд оруулах, АНУ-д хураагдсан Оросын өмчийг буцаан авах зэрэг харилцааны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд гадаад бодлогын байгууллагуудаар дамжуулан холбоотой ажиллахаар тохиролцсон байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад



