Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Пүрэв гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы индэр дээрээс үг хэлэхдээ, Украинд олзлогдоод байсан Хойд Солонгосын хоёр дайны олзлогдогчийг БНСУ-д шилжүүлэн өгсөн гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
В.Зеленский хэлсэн үгэндээ: "Саяхан бид Хойд Солонгосын хоёр дайны олзлогдогчийг Бүгд Найрамдах Солонгос Улсад илгээсэн. Тэднийг амьдаар нь олзлох маш хэцүү байлаа. Нэг нь олзлогдох гэж байгаагаа мэдээд амиа хорлохыг оролдсон бөгөөд үхэж чадаагүйдээ маш их цочирдсон байсан" хэмээн онцолсон байна. Тэрээр шилжүүлэн өгөх ажиллагааны талаар өөр нарийн ширийн мэдээлэл өгөөгүй байна.
Эдгээр цэргүүдийг өнгөрсөн оны нэгдүгээр сард ОХУ-ын Курск мужаас олзолсон бөгөөд Хойд Солонгос 2024 онд Орос-Украины дайнд татагдан оролцсоноос хойш амьдаар нь баривчилсан анхны солонгос цэргүүд байсан юм. Анх В.Зеленский тэднийг Орост олзлогдсон украинчуудаар солилцох санал гаргаж байсан ч хүний эрхийн байгууллагууд тэднийг Хойд Солонгост буцаавал цаазын ял зэрэг хүнд шийтгэл хүлээж байгааг сануулж, Өмнөд Солонгост шилжүүлэхийг уриалж байжээ. Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар олзлогдсон цэргүүд өөрсдөө Сөүлд цагаачлах хүсэлтээ илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч В.Зеленский хэлсэн үгийнхээ үеэр Хойд Солонгосыг Оросын талд цэрэг илгээж байгаад маш хатуу шүүмжилж: "Энэ бол галзуурал. Яагаад солонгосчууд Украины эсрэг дайнд амь насаа өгөх ёстой гэж? Ким Жон Ун тэднийг мөнгөн тэмдэгт шиг л ашиглаж, хариуд нь ямар нэгэн зүйл авч байна" гэлээ.
Украин болон Өмнөд Солонгосын тагнуулын тооцооллоор, Хойд Солонгос 2024 оноос хойш Оросын дайныг дэмжихээр 14,000-аас 15,000 орчим цэрэг илгээсний ихэнх нь Курск мужид байрлаж байгаа аж. Мөн тус улсыг ОХУ-д сая сая их бууны болон миномётын сум, баллистик пуужин, алсын тусгалтай их бууны системүүд нийлүүлсэн гэж Украин болон хараат бус шинжээчид буруутгаж байна. Одоогоор Өмнөд Солонгосын Сүүн нэгдэл болон Гадаад хэргийн яамнаас үүнтэй холбоотой албан ёсны тайлбар хараахан хийгээгүй байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад



