Фото зургийг | ВВС
БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний АНУ-д хийсэн айлчлалын гол мэдэгдлүүдийг тоймлон хүргэе.
БНХАУ-ын Дарга Ши Жиньпин сүүлийн 11 жилийн хугацаанд АНУ-д хийж буй анхны төрийн айлчлалынхаа хүрээнд Цагаан ордонд Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, хэд хэдэн чухал мэдэгдэл хийлээ. Уулзалтын үеэр талууд хоёр улсын стратегийн харилцаа, цэргийн аюулгүй байдал болон технологийн хамтын ажиллагааны асуудлуудыг хөндсөн байна. БНХАУ-ын удирдагчийн гаргасан гол санал, байр суурийг дараах байдлаар тоймлов.
- Нэгдүгээрт, хоёр улс хүн төрөлхтний хөгжлийн төлөөх түүхэн хариуцлагаа ухамсарлах шаардлагатайг тэмдэглэв. Ши Жиньпин Бээжин болон Вашингтон хоорондын харилцаа холбоог бэхжүүлж, чин сэтгэлээсээ хамтран ажиллах, энх тайвнаар зэрэгцэн орших нь чухал болохыг онцолсон байна. Мөн хоёр орны өрсөлдөөн нь тодорхой хүрээ заагтай, эрүүл хэлбэрээр явагдах ёстой гэж үзжээ.
- Хоёрдугаарт, зэвсэгт мөргөлдөөн, сөргөлдөөнөөс зайлсхийх механизмыг дурдлаа. Хоёр улсын Зэвсэгт хүчин тогтмол яриа хэлэлцээ хийж, хямралын үеийн харилцаа холбоог сайжруулах механизмыг хөгжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
- Гуравдугаарт, практик хамтын ажиллагааг өргөжүүлэх бэлэн байдлаа илэрхийлэв. Хятад улс АНУ-тай хиймэл оюун ухаан, хар тамхитай тэмцэх, хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, мөн хоёр орны хоорондын шууд авиа нислэгүүдийг олшруулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
- Дөрөвдүгээрт, хүмүүнлэгийн болон соёлын солилцоог идэвхжүүлэхээр тохиролцлоо. Хятад улс ирэх таван жилийн хугацаанд АНУ-аас 100 мянган залуусыг туршлага солилцох болон суралцуулах зорилгоор эх орондоо урихаар төлөвлөж байна. Үүний зэрэгцээ ойрын хугацаанд АНУ-ын Атланта хотын амьтны хүрээлэнд Пинпин, Фушуан нэртэй хоёр пандаг илгээхээр болсныг мэдээллээ.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ "Хятадын үндэстний агуу сэргэн мандалт болон Америкийг дахин агуу болгох тэмүүлэл нь хоорондоо зөрчилдөхгүй" гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад


