БНХАУ-ын дарга Ши Жиньпиний АНУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнд зориулж Цагаан ордны Зүүн танхимд төрийн хүндэтгэлийн оройн зоог барив.
Уг арга хэмжээнд хоёр улсын төр, засгийн өндөр албан тушаалтнуудаас гадна АНУ-ын технологи, санхүүгийн салбарын хамгийн нөлөө бүхий 130 гаруй бизнесийн элитүүд уригдан оролцсон байна.
Зоогийн ширээний ард “Tesla” болон “SpaceX”-ийн Илон Маск, “Amazon”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос, “Nvidia”-ийн тэргүүн Женсен Хуан, “OpenAI”-ийн Сэм Алтман, “Meta”-гийн Марк Зукерберг, “Apple”-ийн ТУЗ-ийн дарга Тим Кук зэрэг дэлхийн хамгийн том технологийн гигантуудын удирдлагууд нэг дор цуглажээ. Мөн жагсаалтад Google, Microsoft, Qualcomm зэрэг цахим технологийн корпорацууд болон Boeing, BlackRock, JPMorgan Chase зэрэг санхүү, аж үйлдвэрийн акулуудын төлөөлөгчид багтсан аж.
Уулзалт, зоогийн үеэр талууд хиймэл оюун ухааны (AI) хөгжил, аюулгүй байдлыг хүний хяналтад байлгах, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал болон хоёр орны худалдааны харилцан хамаарлын талаар санал солилцжээ. Ерөнхийлөгч Д.Трамп хоёр улсын харилцаа урьд хожид байгаагүй түвшинд хүрснийг тэмдэглэсэн бол Ши Жиньпин дарга өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд их гүрнүүдийн хувьд хамтын ажиллагааны “шинэ арга барил” хэрэгтэйг онцолсон аж.
ТАТАР МАЙДАР







Гадаад




