Dark Light
Гадаад | 2026-09-27

ИЗРАИЛЫН СӨРӨГ ХҮЧИН БЕНЬЯМИН НЕТАНЬЯХУГ СУУДЛААС НЬ ХОВХОЛЖ ЧАДАХ УУ?

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Израилын улс төрд түүхэн эргэлт гарч, сөрөг хүчний таван гол намын удирдагчид Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн засгийн газрыг унагахын тулд сонгуулийн кампанит ажлаа нэгтгэх түүхэн тохиролцоонд хүрэв

Турк улсын "Yeni Şafak" хэвлэлийн мэдээлснээр, сөрөг хүчний блок Тель-Авив хотноо уулзаж, ирэх 10 дугаар сарын 27-нд болох Кнессет (Парламент)-ийн ээлжит бус сонгуулиас өмнө харилцан бие бие рүүгээ дайрахгүй байх, сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх санамж бичигт гарын үсэг зуржээ.

Сөрөг хүчний эвсэлд "Еш Атид" намын дарга Яир Лапид, "Яшар" намын Гади Айзенкот, "Беяхад" намын Нафтали Беннетт, "Исраэль Бейтену" намын Авигдор Либерман болон Демократуудын удирдагч Яир Голан нар нэгдсэн байна. Тэд хуурамч мэдээллийн эсрэг ажиллах, Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацааг хязгаарлах шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах зэрэг 3 хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ.

Тэдэнд тулгарч буй хоёр том сорилт ба хоёр их тэмцэл:

  1. Удирдагчийн төлөө тэмцэл: Сөрөг хүчний блокийн хамгийн том сул тал бол хэн нь нэгдсэн эвслийн Ерөнхий сайдад нэр дэвших вэ гэдэг дээр эцэслэн тохиролцож чадахгүй байгаа явдал юм. Гади Айзенкот, Нафтали Беннетт, Авигдор Либерман нарын хооронд хэн нь нэгдүгээрт эрэмблэгдэх вэ гэсэн амбицын тэмцэл хүчтэй өрнөж байна. Тэргүүнээ тодруулах тодорхой дүрэмгүй байгаа нь тэдний сонгуулийн ирээдүйд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг ажиглагчид анхааруулж байна.

  2. Нетаньяхугийн "Амь бөхтэй" тэмцэл: Одоогийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху авжилгын хэргээр шүүгдэж байгаагаас гадна Олон улсын эрүүгийн шүүхээс (ICC) түүнийг баривчлах захирамж гаргасан байдаг. Сөрөг хүчнийхэн түүнийг шүүхийн шийтгэлээс зугтахын тулд Газын зурвас дахь дайныг зориудаар сунжируулж байна гэж буруутгадаг. Санал асуулгаар Нетаньяхугийн блок одоогоор сөрөг хүчнийхнээс дутуу үнэлгээтэй байгаа ч, тэрээр эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд ямар ч тактик хэрэглэхэд бэлэн байгаа тул сөрөг хүчин түүнийг бүрмөсөн суудлаас нь ховхолж чадах эсэх нь 10 дугаар сарын 27-ны сонгуулийн өдрийн ирц болон тэдний дотоод эв нэгдлээс шууд шалтгаална.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19