Dark Light
Гадаад | 2026-09-28

БУРИАД ДАХЬ ХАМГИЙН АЮУЛТАЙ ГҮҮР

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Буриад улс төдийгүй Оросын Холбооны Улсын хэмжээнд хамгийн аюултайд тооцогдох нэгэн гүүр Буриадын БНУ болон Өвөрбайгалийн хязгаарын хилийн зааг дээр оршдог. Энэ бол Оросын төрийн байгууллагуудын хэд хэдэн үеийн турш үргэлжилж буй “түр зуурын шийдвэр”-ийн хамгийн тод жишээ болсон Витим голын гүүр юм.

Уг гүүрийг анх 1982 онд Байгал-Амурын төмөр замын (БАМ) барилгын ажилд зориулан түр гүүр хэлбэрээр барьжээ. Төлөвлөгөө ёсоор төмөр замын үндсэн гүүр ашиглалтад орсны дараа энэхүү түр байгууламжийг буулгах ёстой байв. Гэвч өнөөг хүртэл замын зохих гадаргуу, хамгаалалтын хашлагагүй, хуучин төмөр замын дэр модноос бүрдсэн 570 метр урттай энэ гүүр Куанда тосгоны иргэдийн хувьд авто машинаар зорчих цорын ганц гарц хэвээр байна.

Техникийн аваарын байдал, аюулгүй байдлын шаардлагаас шалтгаалан Витим гүүрээр авто машин зорчихыг 2016 онд албан ёсоор хориглосон. Улмаар 2018 оны хавар голын мөс цөмрөх үеэр гүүрний нэг тулгуур багана нурсны дараа орон нутгийн удирдлагууд шинэ гүүр барих асуудлыг хөндөж эхэлсэн юм.

Тухайн үед шинэ гүүр барих зардлыг ойролцоогоор 1.5 тэрбум рубль гэж тооцоолж байв. Олон жилийн хүлээлтийн эцэст 2021 онд Буриад улсын Тээврийн яамнаас тус гүүрийг сэргээн засварлах ажлыг 2022–2024 оны төрийн хөтөлбөрт албан ёсоор оруулснаа мэдэгдэж байсан юм.

Гэвч амлалт өгснөөс хойш өнөөдрийг хүртэл бодит байдал дээр ямар ч ажил хийгдсэнгүй. Хөдөлгөөнийг хориглосноос хойш арав гаруй жил өнгөрсөн ч аюултай гүүр байсаар байна. Куанда тосгоныг гадаад ертөнцтэй холбох өөр ямар ч зам байхгүй тул орон нутгийн оршин суугчид өдөр бүр амь насаараа дэнчин тавин энэхүү гүүрээр зорчсоор байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19