Киргизийн шүүх идэвхтэн Мавлян Аскарбековт 4 жилийн ял төлөвлөлөө: Хэвлэлүүд болон хүний эрхийнхэн засаглалын дарамтыг шүүмжилж байна
Бишкек хотын Ленин дүүргийн шүүхэд үргэлжилж буй иргэний идэвхтэн, улс төрч Мавлян Аскарбековын шүүх хурлын үеэр улсын яллагчийн зүгээс түүнд 4 жилийн хорих ял оноохыг албан ёсоор шаардлаа. Уг хэрэг нь түүний Фэйсбүүк хуудастаа Киргиз дэх Хятад иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар бичсэн посттой холбоотой бөгөөд "үндэстэн хоорондын дайсагналлыг өдөөсөн" гэх зүйл ангиар буруутгаж байгаа юм.
Тэгвэл Киргизийн дотоодын чөлөөт хэвлэлүүд болон хүний эрхийн байгууллагууд энэхүү үйл явцыг дараах байр суурьтайгаар шүүмжлэн, гүнзгийрүүлэн мэдээлж байна.
Дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн байр суурь
Киргизийн хараат бус "Азаттык" (Радио Свобода) болон "Kaktus Media" агентлагууд тус хэргийн ард улс төрийн зорилготой провокаци байгааг илчлэн сурвалжилжээ. Тэдний мэдээлснээр, Аскарбеков баривчлагдахаасаа өмнө Киргизийн Ерөнхий сайдад хандан Хятадын иргэд тус улсын жижиг, дунд бизнесийн салбарт хэт олноор нэвтэрч буй асуудлыг хөндөж, энэ сэдвээр шууд эфирт нээлттэй дебат хийхийг уриалж байсан аж. Хэвлэлүүд түүнийг баривчлагдахын өмнөхөн Үндэсний аюулгүй байдлын хорооны (ГКНБ) ажилтнууд гэрт нь ирж, нууцаар бичлэг хийн, улмаар түүнийг "ард түмний дайсан" мэт харагдуулах зорилгоор эвлүүлэг бүхий дүрсүүдийг сошиалд зориуд тараасан гэх баримтыг онцолж байна.
Хүний эрхийн байгууллагуудын дүгнэлт ба шүүмжлэл
Олон улсын болон Киргизийн дотоодын хүний эрхийг хамгаалах сүлжээнүүд (тухайлбал, "Бир Дуино–Кыргызстан" болон Хүний эрхийн хамгаалагчдын холбоо) тус улсад иргэний нийгэм, чөлөөт хэвлэлийн эсрэг чиглэсэн системтэй шахалт явж байгаагийн нэг илрэл нь энэ хэрэг гэж үзэж байна. Хүний эрхийн ажиглагчдын зүгээс дараах хоёр гол зүйлийг анхааруулж байна:
"Үндэстэн хоорондын зөрчил өдөөсөн" гэх заалтыг зэвсэг болгох нь: Киргизийн эрх баригчид Эрүүгийн хуулийн 330 дугаар заалтыг (Үндэстэн хоорондын дайсагнал өдөөх) засаглалыг шүүмжилсэн сэтгүүлчид, блогчид болон тэмцэгчдийг намжаах, айдас төрүүлэх хэрэгсэл болгон байнга ашиглах болсныг шүүмжилжээ
Хэл шинжлэлийн экспертизийн хараат байдал: Улсын шинжээчдийн гаргадаг дүгнэлтүүд нь дээрээс өгсөн чиглэлийн дагуу, ямар ч хамааралгүй шүүмжлэлийг "дайсагнал" гэж зориуд мушгин гуйвуулдаг болсныг Аскарбековын өмгөөлөгч Эрик Ирискулбеков шүүх хурал дээр эсэргүүцсэн байна.
Ижил төстэй цаг үеийн кэйс
Энэхүү хэргийн хажуугаар Бишкек хотын Свердлов дүүргийн шүүх яг ийм зүйл ангиар буруутгагдаж байсан блогч Айтилек Орозбековыг шүүх бүрэлдэхүүнээс томилсон хараат бус комиссын давтан шинжилгээнд үндэслэн бүрэн цагаатгасан үйл явдал урд өдөр нь болжээ. Блогчийн хувьд үйлчилгээний газруудад киргиз хэлээр үйлчлэхийг шаардсан бичлэгээсээ болж буруутгагдсан ч шүүх түүнийг гэм буруугүй гэж үзсэн байна.
Хүний эрхийн хамгаалагчид Ленин дүүргийн шүүхийг ч мөн адил Мавлян Аскарбековын хэрэгт улс төрийн нөлөөгүй, хараат бус комиссын дүгнэлтийг харгалзан үзэж, цагаатгах шийдвэр гаргахыг уриалж байна
ТАТАР МАЙДАР






Гадаад




