АНУ-ын Чикагогийн их сургуулиар ахлуулсан олон улсын судлаачдын баг гэрийн муурны тоо тухайн улсын иргэдийн аз жаргалын түвшинтэй холбоотой байж болохыг тогтоожээ.
“PLOS One” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд 93 улсын нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд болон сэтгэлзүйн үзүүлэлтийг харьцуулсан байна. Судлаачид иргэдийн орлого, эрүүл мэндийн зардал, гэрийн тэжээвэр амьтдын тоо болон амьтнаас хүнд халдварлах боломжтой Toxoplasma gondii шимэгчийн тархалтыг авч үзжээ.
Үр дүнгээс харахад гэрийн муур олонтой орнуудад хүмүүс өөрсдийгөө илүү аз жаргалтай гэж үнэлэх хандлагатай байсан байна. Харин Toxoplasma gondii-ийн халдварын тархалт өндөр байх тусам аз жаргалын үзүүлэлт буурах хандлага ажиглагджээ.
Сонирхолтой нь, муур олонтой улс орнуудад уг шимэгчийн халдвар харьцангуй бага байсан байна. Судлаачид үүнийг өндөр орлоготой орнуудад гэрийн тэжээвэр амьтны арчилгаа, эрүүл мэндийн үйлчилгээ илүү сайн байдагтай холбоотой байж болохыг тайлбарлажээ.
Гэхдээ судлаачид “муур олон байх нь хүмүүсийг шууд аз жаргалтай болгодог” гэж дүгнэж болохгүйг онцолсон байна. Илэрсэн үр дүн нь зөвхөн статистикийн хамаарал бөгөөд шалтгаан, үр дагаврыг нотлоогүй аж.






Гадаад




