Dark Light
Гадаад | 2026-10-02

МОНГОЛ УЛС ДҮЛЭГНЭЖ СУУХ ХООРОНД КЫРГЫЗСТАН САНСРЫН ХУРД АВЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Төв Азийн шинэ тоглогч тойрог замд гарав

Төв Азийн бүс нутагт сансрын технологийн өрсөлдөөн ширүүсэж, манайхныг Төрийн ордонд "хийсвэр мега төслүүд" ярьж суух зуурт Кыргызстан улс анхны үндэсний нано-хиймэл дагуулаа амжилттай хөөргөлөө. 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөр АНУ-ын Калифорни муж дахь Ванденбергийн сансрын баазаас SpaceX компанийн Falcon 9 пуужингаар тэдний анхны сансрын дагуул амжилттай хөөрөв. Кыргызстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров энэхүү түүхэн үйл явдлыг АНУ-д биечлэн очиж үзсэн нь тус улс сансрын салбарт хэр их амбицтай, өндөр ач холбогдол өгч байгааг бэлхнээ илтгэнэ.

Энэхүү төсөл нь Кыргызстан дангаараа зүтгэсэн хэрэг биш бөгөөд АНУ болон Арабын Нэгдсэн Эмират улстай хийсэн олон улсын хамтын ажиллагааны бодит үр дүн юм. Хэдийгээр 5 кг жинтэй жижиг хиймэл дагуул боловч удирдлагыг нь Бишкек хот дахь төвөөсөө шууд хэрэгжүүлэх бөгөөд энэ нь тус улсыг мэдээллийн хараат бус байдалд хүргэх чухал алхам болж байна. Тэд энэхүү хиймэл дагуулын дата мэдээллийг хөдөө аж ахуй, мөсөн голын хайлж буй явц, усны нөөц, ой бэлчээрийн доройтлыг хянахад ашиглахаар зэхэж байна. Мөн газрын хэвлийн баялгийг хууль бусаар ашиглах, зөвшөөрөлгүй хогийн цэг байгуулах, бохирдлын эх үүсвэрийг илрүүлэх зэрэг экологийн нарийн хяналтыг сансраас хийх аж.

Цаашлаад тус улс ган гачиг, үер, хөрсний гулгалт, ойн түймрийн эрсдэлийг эрт илрүүлж, төрийн дижитал системтэйгээ нэгтгэн орон зайн зураглал болон аналитик загвар боловсруулахаар төлөвлөж байна. Хамгийн сонирхолтой нь хиймэл дагуулын мэдээллийг суперкомпьютер болон хиймэл оюун ухаантай (AI) хослуулснаар байгалийн болон эдийн засгийн нөөцийг асар өндөр нарийвчлалтай удирдах боломж бүрдэж байгаа юм. Казахстан хэдийнэ өөрийн хиймэл дагуулын сүлжээтэй болж, Узбекистан хиймэл оюунтай модулаа хөөргөчихөөд байхад Төв Азийн ээлжит улс ийнхүү сансарт "ташуур өглөө". Харин Монгол улсын хувьд бүс нутгийн энэхүү хурдтай хөгжлөөс хоцрохгүйн тулд сансрын технологийн бодлогоо цаасан дээрээс бодит ажил болгох цаг хэдийнэ болсныг энэхүү үйл явдал сануулж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19