Dark Light
Гадаад | 2026-10-03

ХЯТАД УЛС ХАРАНХУЙ ШӨНӨ Ч АЖИЛЛАДАГ НАРНЫ АВАРГА СТАНЦАА СҮЛЖЭЭНД ХОЛБОЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

БНХАУ сэргээгдэх эрчим хүчний салбарт барьсан өөр нэгэн аварга инженерчлэлийн байгууламжаа амжилттай ашиглалтад оруулж, дэлхий дахинд технологийн гайхамшгийг дахин нэгэнтээ батлан харууллаа.

"Power Construction Corporation of China" корпорацын албан ёсны мэдээгээр, тус улсын анхны нэг сая киловаттын хүчин чадалтай цэвэр эрчим хүчний томоохон цогцолбор 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөр үндсэн сүлжээнд амжилттай холбогдож, цахилгаан үйлдвэрлэж эхэлсэн байна. Уг супер төсөл нь Хятадын баруун хойд бүс нутаг болох Чинхай мужийн Хайнань-Төвөд өөрөө засах тойргийн Гонхэ хэмээх өндөрлөг цөлийн бүсэд байрладаг бөгөөд нарны тусгал хамгийн өндөр байдаг газар нутгийг сонгон барьжээ.

Энэхүү төсөл нь зөвхөн уламжлалт нарны хавтан суурилуулаад зогсохгүй, нарны цахилгаан станц, хайлмал давсны дулаан хуримтлуур болон цахилгаан-дулааны хувиргалтыг хослуулсан Хятадын анхны гигаватт зэрэглэлийн байгууламж болсноороо онцлог юм. Цогцолборын бүтэц нь 900,000 киловаттын нарны фото цахилгаан станц болон 100,000 киловаттын хайлмал давст цамхагт нарны дулааны станцаас бүрдэж байна. Станцын төвд асар өндөр цамхаг байх бөгөөд түүнийг тойруулан нарыг дагаж автомат системээр хөдөлдөг 10,310 ширхэг аварга толин ойлгогчийг байрлуулжээ. Эдгээр тольнууд нарны гэрлийг цамхаг руу чиглүүлж, тэнд байгаа хайлмал давсыг асар өндөр хэмд хүртэл халаадаг байна. Хайлмал давс нь дулааныг 12-оос дээш цаг хадгалах чадвартай тул өдөр хуримтлуулсан эрчим хүчээрээ наргүй харанхуй шөнө ч усыг ууршуулан турбиныг эргүүлж, цахилгаан үйлдвэрлэх боломжийг бүрдүүлжээ.

Уг төсөл бүрэн ашиглалтад орсноор жил бүр дунджаар 2.2 тэрбум киловатт/цаг цэвэр цахилгаан эрчим хүчийг төвийн сүлжээнд нийлүүлэх тооцоо гарсан байна. Энэ нь жил бүр 690,000 тонн стандарт нүүрсний хэрэглээг хэмнэж, агаар дахь нүүрстөрөгчийн давхар исэлийн ялгарлыг 2.07 сая тонноор бууруулах байгаль орчны асар өндөр ач холбогдолтой юм. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тогтворгүй ажилладаг нарны эрчим хүчний сул талыг хайлмал давсны тусламжтайгаар бүрэн шийдэж, сүлжээний ачаалалд тааруулан тогтвортой удирдаж болохыг энэхүү Гонхэ төсөл дэлхий дахинд бэлхнээ батлан харууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19