Аялал, адал явдалд дуртай хүмүүс Блэк Хиллс кино наадмын (Black Hills Film Festival) нээлтийн үйл ажиллагаанд зориулж Рапид Сити дэх Жөрни музейд (Journey Museum in Rapid City) хуран цугларлаа. Нээлтийн үдэш танин мэдэхүй, хайгуул судалгааны хүслийг бадраах кинонуудыг толилуулж байна.
“The Great Nomad Expedition” (Агуу нүүдэлчдийн экспедици) бол хэсэг морьтон залуус Монгол орныг хөндлөн гулд туулж буйг харуулсан бүрэн хэмжээний баримтат кино юм. Аялагчид тэмээ, сарлаг, морь, цаа буга унан аялна. Гэхдээ тэд зөвхөн адреналин, сонирхолтой мэдрэмж хайсангүй. Энэ бол уламжлал, хүмүүсийн хоорондын нандин холбоо болон хүний аялан одох, танин мэдэх төрөлх хэрэгцээний тухай өгүүлэх кино юм.
Кино найруулагч Кристин Гейтс (Kristin Gates) SDPB сувгийн хөтлөгч Лори Уолштой (Lori Walsh) ярилцлаа.
(SDPB-ийн продюсерын яриаг Zogii.mn орчуулан хүргэе)
ЛОРИ УОЛШ:
Энэ кинонд гарч буй экспедици нь миний бодлоор маш орчин үеийн, бас нөгөөтэйгүүр туйлын уламжлалт аялал болж чаджээ. Морьтнуудын туулах аяллын талаар бидэнд бага зэрэг ярьж өгөөч, мөн та өөрөө хэрхэн энэ аялалд нэгдэж, зураг авалтаа хийх болсон бэ?
КРИСТИН ГЕЙТС:
“The Great Nomad Expedition” бол Монгол орныг хөндлөн гулд туулсан 1,200 километрийн экспедици юм. Аялал Говь цөлд тэмээгээр эхэлж, улмаар Монголын төв хэсгийн хангайн нурууг давахын тулд баг бүрэлдэхүүн сарлаг унаж, аяллын ихэнх хэсгийг мориор туулан, хамгийн сүүлд алс хойд зүгт цаа буга унаж дуусгадаг.
Уг экспедици сар орчим үргэлжилсэн бөгөөд үүнийг Монголын Үнэнбүрэн, Тэс (Tess) болон Шинэ Зеландын морин спортын тамирчин Хлоя Филлипс Харрис (Chloe Phillips Harris) нар санаачлан зохион байгуулсан юм.
Тэд энэхүү экспедицийг байгуулсан бөгөөд гол зорилго нь Монгол орны малчин ахуй, нүүдэлчин амьдралын хэв маягийг алдаршуулах, дэмжихэд оршиж байв. Экспедицийн явцад улс орон даяар 100 орчим малчидтай хамтран ажилласан. Өөрөөр хэлбэл, манай багийнхан өөр өөр малчдын мал сүргийг унаж, замдаа тэдгээр малчидтай хамт аялж байсан юм. Кино маань энэхүү аялал болон "Big Blue Flower" (Хөх дэлбээ) багийнхны хийж буй гайхалтай ажлын тухай өгүүлдэг.
ЛОРИ УОЛШ:
Тэгэхээр мал унаж чаддаг байх хэрэгтэй ч, энэ аялалд урьдчилж бэлтгэх бараг боломжгүй юм шиг санагдлаа. Тэд бүгд туршлагатай, бие бялдрын өндөр хөгжил өв тэгш унаачид боловч зарим талаараа энэ аялалд бэлэн байж чадахгүй шүү дээ. Замд тэднийг гайхшруулсан зарим зүйлсийн талаар яриач?
КРИСТИН ГЕЙТС:
Тэгэлгүй яахав, маш зөв асуулт байна. Экспедицид оролцсон 10 унаач бүгд Австрали, Шинэ Зеланд, АНУ, Их Британи зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн, морь унах арвин туршлагатай хүмүүс байсан. Тэд бүгд чамгүй туршлага хуримтлуулсан байсан л даа.
Гэхдээ таны тааварлаж байгаачлан, жишээ нь АНУ-д бэлтгэл хийх сарлаг олно гэдэг бүтэшгүй зүйл, бас унаад явах цаа буга ч олдохгүй шүү дээ. Тиймээс тэд морь унах туршлагатай ирсэн ч сарлаг хэзээ ч унаж үзээгүй байв. Багийнхнаас өмнө нь тэмээ унаж үзсэн ганцхан хүн байсан байх, харин цаа буга унаж үзсэн хүн нэг ч байгаагүй. Тэгэхээр тэдний хувьд бүх зүйл маш шинэлэг байсан.
Тэгээд ч амьтад нь өөрсдөө маш өвөрмөц. Кинон дээрээс үзсэн байх, унаачдын хувьд хамгийн том сорилт нь сарлаг унах хэсэг байсан болов уу. Тэдгээр сарлагуудыг урьд нь унаж сургасан байсан ч, тухайн жил хүндхэн өвөлжилт болж, малчид өвлийн турш тэдэнтэй ажиллах боломж гараагүй байсан юм. Өөрөөр хэлбэл, сарлагуудыг ердийнх шигээ ойр ойрхон унаж эдлээгүй байсан хэрэг. Сарлагтай хэсэгт хүрч очоод, тэднийг унах үнэхээр сэтгэл хөдөлгөж байсан ч хамгийн хүнд хэцүү өдрүүдийн нэг байсан байх.
ЛОРИ УОЛШ:
Энэ киног хэрхэн хийсэн бэ? Баахан тоног төхөөрөмжтэйгээр өөрөө хамт аялж, мал унаж явсан уу?
КРИСТИН ГЕЙТС:
Би экспедицийн явцад 10 орчим хоног мал унаж явсан. Кино хийхэд нэлээд хүнд сорилт болсон гэж боддог, учир нь бид экспедицид шууд оролцож байсан учраас би өөрийн эрч хүчээ зөв хуваарилах хэрэгтэй болсон. Өдрийн төгсгөлд хэрэгтэй бүхнээ хальсанд буулгаж, дуу хурааж, мөн медиа файлуудаа цэгцлэх (media management) хангалттай эрч хүчтэй үлдэх шаардлагатай байлаа.
Аяллын гуравны нэг орчим хугацаанд би өөрөө мал унаж явсан бол, үлдсэн хугацаанд Үнэнбүрэнгийн дүүтэй хамт машинаар явсан. Тэр бол замаас гадуур, бартаат замаар маш гарамгай жолооддог гайхалтай жолооч. Бид гол мөрөн гаталж, ихэвчлэн алслагдсан хоёр зөрөг шороон замаар явж байлаа. Бидэнд ийм гайхалтай орчны дүрс бичлэгүүд (b-roll) үлдсэн нь түүний гавьяа. Тэр намайг унаачдаас түрүүлж хүргэж өгөөд, араас нь ирж буй дүрсийг авах боломж олгодог, эсвэл уулын орой дээр гаргаж өргөн уудам харагдах панорама дүрсийг авах нөхцөлийг бүрдүүлдэг байв. Энэ бүхнийг хийж чадсан нь үнэхээр "Big Blue Flower" багийнхны ач тус юм. Тэд улс орон даяар малчидтай хийсэн сэтгэл хөдөлгөм сайхан ярилцлагуудыг зохион байгуулж өгсөн.
Энэ бүх дүрсийг буулгаж авч чадсан нь тэдний багийн хичээл зүтгэл байлаа.
ЛОРИ УОЛШ:
Байгалийн үзэмж угаасаа гайхалтай учраас киноны зураглал үнэхээр дуу алдам сайхан болжээ. Та унаачид цаа буга унаж үзээгүй талаар дурдсан. Гэхдээ тэд Монгол морийг унах үед энэ нь огт өөр төрлийн морь байсан байх. Тэд ямар ч хашаа хориггүйгээр, зогсолтгүй хэдэн километрээр давхиж чадна. Ихэнх морьтнуудад ийм боломж тэр бүр олддоггүй шүү дээ.
Энэ үүлдрийн морийг урьд нь хэзээ ч унаж үзээгүй, тийм туршлагатай унаачдад Монгол морь ямар санагдсан бэ?
КРИСТИН ГЕЙТС:
Монгол морь морин спортын хүрээнийхэн дунд маш их нэр хүндтэй, алдартай. Анхны өдөр моринд мордоход унаачид бүгд бага зэрэг сандарч байсан байх. Зарим морьд миний унаж дассан морьдоос арай илүү догшин, зэрлэг талдаа байсан. Гэхдээ нэгэнт мордсон хойноо унаад явахаар тэд үнэхээр гайхалтай амьтад гэдэг нь мэдэгддэг.
Би нэг морийг хэдэн өдрийн турш унасан бөгөөд үнэхээр биширсэн. Яв гэж шахах ч шаардлагагүй. Зүгээр л биеэрээ үл mөлхөн урагш бөхийж, цулбуураа үл ялиг урагшлуулахад л шууд давхиад өгнө. Тэд зүгээр л урагшаа тэмүүлдэг, маш хүчтэй. Тэгээд тал хөндийг туулах уу, уу өөд өгсөх үү гэдгээс үл хамааран тэдний тэвчээр, тэсвэр хатуужил үнэхээр гайхалтай.
ЛОРИ УОЛШ:
Хүмүүсийнх нь талаар яриач, учир нь тэд өөрсдийн амьдралын хэв маягаа ярьж таниулахыг, хадгалж үлдэхийг хүсдэг, бас мал сүрэгтэйгээ маш гүн гүнзгий, нандин харилцаатай байдаг шүү дээ. Тантай хамтран ажилласан хүмүүс хэн бэ, тэдний амьдралын хэв маягаас та юуг анзаарч харав?
КРИСТИН ГЕЙТС:
Энэ бол миний сэтгэлд хамгийн гүн үлдсэн зүйлсийн нэг. Тийшээ явахын өмнө би байгальтайгаа үнэхээр хүйн холбоотой тэрхүү соёлыг харна гэж тэсэн ядан хүлээж байсан нь үнэн. Гэвч яг газар дээр нь очиж, өөрийн биеэр мэдрэх нь сэтгэлд үнэхээр өөрөөр хоногшиж үлддэг юм билээ. Тэдний өдөр тутмын амьдрал байгаль дэлхийтэй салшгүй холбоотой байдаг.
Мөн малчдын малтайгаа харилцах харилцаа маш, маш хүчтэй. Тэд үнэхээр мал сүргийнхээ хажууд амьдарч, тэдэнтэй гүн гүнзгий холбоотой байж, тэднийг хайрлаж, халамжилдаг. Үүнийг харах үнэхээр үзэсгэлэнтэй байсан.
ЛОРИ УОЛШ:
Таныг зэрлэг байгальд анх удаа аялж байгаа биш гэдгийг мэдэх юм байна. Таны хувьд сонголт хийх үед ёс зүйтэй аялал жуулчлал (ethical tourism) гэж юу вэ? Энэ бол хүмүүсийн хувьд нэлээд өндөр өртөгтэй аялал, хүн бүрт олдоод байхгүй том хөрөнгө оруулалт шүү дээ. Гэхдээ хүмүүс дэлхийгээр аялах арга замуудыг хайж байхдаа юуг анхаарах хэрэгтэй гэж та боддог вэ?
КРИСТИН ГЕЙТС:
Тийм ээ, миний бодлоор "Big Blue Flower" баг шиг компанийг харахад тэдний гол зорилго нь нутгийн иргэдийг дэмжихэд чиглэгддэг. Тиймээс орон нутгийн иргэдийг дэмждэг, нутгийн соёлыг алдаршуулдаг, хамгийн гол нь орон нутгийн иргэдэд ямар нэгэн байдлаар үр өгөөжөө өгдөг аяллын хэлбэрийг хайх нь зүйтэй болов уу.
"Big Blue Flower" баг өөрсдийн бүх ажилдаа үүнийг үнэхээр хэрэгжүүлж чадаж байгаа. Миний хэлсэнчлэн, тэд зөвхөн малаа унаад өнгөрөх тэр нэг өдөр биш, жилийн турш улс орон даяар зуу зуун малчидтай хамтран ажилладаг.
Малчид экспедицийнхэнтэй ердөө нэг, хоёрхон өдөр хамт байж болох ч, экспедици ирэх үед мал сүргээ унахад бэлэн байлгахын тулд жилийн турш хөдөлмөрлөдөг. Тэгэхээр энэ бол тэдний хувьд жилийн турш хүлээдэг үүрэг амлалт юм. Тиймээс "Big Blue Flower" баг тэдгээр малчидтай жилийн турш тасралтгүй ажилладаг.
ЛОРИ УОЛШ:
Хамт явсан хүмүүсийн үзэл бодол, хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг та хэрхэн анзаарсан бэ? Тэд юуны тухай ярьж байв, тэдний ертөнцийг үзэх үзэл хэрхэн өөрчлөгдсөн бэ?
КРИСТИН ГЕЙТС:
Унаачид аяллын явцад үнэхээр өөрчлөгдсөн. "Big Blue Flower"-ийн хамтран үүсгэн байгуулагчдын нэг Тэс энэ тухай кинонд бага зэрэг дурддаг л даа.
Тэр жил бүр энэхүү өөрчлөлтийг бэлхнээ хардаг. Унаачид анх ирэхдээ бага зэрэг сандарсан байдаг. Тэд тухайн өдөр цаг тутамд юу болох вэ гэдэг хуваарийг нарийн мэдэхийг хүсдэг. Харин аялал үргэлжлэх тусам тэд илүү тайвширч, тухайн цаг мөчөөрөө амьдарч, бүх зүйлийг байгаагаар нь хүлээж авч, эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж таашааж эхэлдэг. Биднийг эхэлж байхад хүн бүр — ойлгомжтой шүү дээ — илүү их стресстэй, сандаралтай байсан. Тэгээд экспедици урагшлах тусам яг одоо байгаа цаг хугацаандаа амьдрах чадвар нь нэмэгдсэн. Хүн бүр эргэн тойрныхоо бүх зүйлийг үнэлж, таашааж байлаа.
ЛОРИ УОЛШ:
Тэд үүнийг өөртөө хадгалж үлддэг болов уу? Гэртээ авч харьдаг болов уу?
КРИСТИН ГЕЙТС:
Эдгээр аяллын хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь оролцогчдод үнэхээр арилшгүй, урт хугацааны нөлөө үзүүлдэг явдал юм. Гар утасгүй, интернетгүйгээр бүтэн сарын турш аялна гэдэг урт хугацаа шүү дээ.
Миний бодлоор энэ нь экспедицийн оролцогч бүрт өөрийн амьдрал, ирээдүйнхээ тухай эргэцүүлэн бодох, хаана зогсож байгаагаа, хаашаа явахыг хүсэж байгаагаа тунгаах боломжийг олгосон. Энэ нь оролцогчдод урт хугацааны нөлөө үлдээсэн гэдэгт би бүрэн итгэлтэй байна.
ЛОРИ УОЛШ:
Таны хувьд яав? Та маш шаргуу ажиллаж байсан. Морь унахаас эхлээд дараагийн байршилд хүрэх, киног өөрийн хүссэнээр гаргах хүртэл бүх зүйлд маш их анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байсан шүү дээ. Та кино найруулагчийн хувьд хэрхэн өөрчлөгдөж буцаж ирэв?
КРИСТИН ГЕЙТС:
Би ч гэсэн анх очихдоо унаачидтай яг ижилхэн зүйлийг туулсан. Киногоо сайн хийж, хэрэгтэй бүхнээ буулгаж авах нь миний хувьд туйлын чухал байлаа. Тэгээд аялал ахих тусам би арай илүү тайвширч, бүх зүйлийг аясаар нь өрнүүлж, ярилцлагуудаа үнэлж, нандигнаж сурсан. Миний хамгийн дуртай ярилцлагууд аяллын төгсгөл хавьцаа хийгдсэн бөгөөд замд тохиолдсон хором мөч бүрийг, нартай ч бай, бороотой ч бай үнэхээр нандигнаж сурсан юм.
ЛОРИ УОЛШ:
Тэс кинондоо "Хүмүүст аялал хэрэгтэй. Хүмүүс өөрсдийгөө сорих хэрэгтэй. Хүмүүст адал явдал хэрэгтэй" гэж хэлдэг. Энэ нь таны амьдралд ч мөн адил үнэн байсан уу?
КРИСТИН ГЕЙТС:
Гарцаагүй. Би үнэндээ экспедицийн аяллын ертөнцөөр дамжиж кино урлагт хөл тавьсан хүн. Тиймээс миний амьдралын ихэнх хэсэг адал явдал тойрч эргэсэнд би өөрийгөө азтайд тооцдог. Миний хувьд хүнд хэцүү нөхцөлд аялах, адал явдалд намайг татсаар байдаг гол зүйл бол замд учирдаг хүмүүсийн нандин холбоо юм. Гар утасгүйгээр тэнд байхдаа та хүмүүстэй илүү их холбогдож, тэднийг ердийнхөөсөө хавьгүй илүү таньж мэддэг.
ЛОРИ УОЛШ:
Зөвхөн түүхийг өгүүлэхээс гадна үзэгчдийн сэтгэлд хүрч, тэдний аливаа зүйлийг үзэх үзлийг өөрчлөхөд кино урлагийн гүйцэтгэх үүрэг таны хувьд юу вэ? Та энэ талаар их боддог уу?
КРИСТИН ГЕЙТС:
Үнэндээ миний мэргэжил медиа нөлөөлөл (media advocacy) бөгөөд би түүх хүүрнэх замаар хэрхэн өөрчлөлтийг авчирч болохыг хэдэн жилийн турш судалсан.
Миний бодлоор түүх өгүүлнэ гэдэг маш хүчтэй бөгөөд чухал зүйл. Энэ бол дэлхийн аль ч өнцгөөс өөр соёл иргэншилтэй танилцаж, суралцаж, хэсэг хугацаанд ч болов бусдын гуталд хөлөө хийж (бусдын оронд өөрийгөө тавьж) үзэх боломж юм. Кино болон түүх хүүрнэл нь ерөнхийдөө маш хүчтэй байдаг, учир нь энэ нь танд өөр өнцгөөс харах, өөрийн биеэр хэзээ ч очиж үзэж чадахгүй байж болох тэр газруудын үзэл бодолтой холбогдох боломжийг олгодог.
ЛОРИ УОЛШ:
Хэвлэл мэдээллийн түүх хүүрнэлийн гол зарчмууд юу вэ? Түүнийг хэрхэн дотно, хэрхэн үр өгөөжтэй болгох вэ?
КРИСТИН ГЕЙТС:
Миний бодлоор тухайн нөхцөл байдалд хэт их шахалт үзүүлэхгүй байх нь чухал. Би үргэлж төлөвлөгөөтэй ирдэг ч, зүгээр л тайван суугаад, бүх зүйлийг өөрийнхөөрөө, жамаараа өрнүүлэхийг зөвшөөрдөг. Хэт их хүчлэхгүйгээр, тухайн цаг мөчдөө байж, бүх зүйлийг жамаар нь байлгах хэрэгтэй.
ЛОРИ УОЛШ:
Зүгээр нэг тоног төхөөрөмж биш, хүн шиг хүн байх хэрэгтэй, тийм үү?
Үнэхээр сэтгэл баясам сайхан кино байлаа. Үүнийг үзэж, эдгээр хүмүүсийн талаар мэдэж авсандаа маш их баяртай байна. Өмнөд Дакотагийн оршин суугчидтай ярилцахад цаг гаргасанд маш их баярлалаа. Блэк Хиллс кино наадамд тавтай морил. Та өөрөө ирж байгаа юу?
КРИСТИН ГЕЙТС:
Би очиж байгаа, манай кино Блэк Хиллс кино наадамд гарч байгаад бид маш их баяртай байна. Манай кино Баасан гарагийн 18:30 цагт гарах бөгөөд тэнд хуваалцахдаа үнэхээр сэтгэл өндөр байна.
ЛОРИ УОЛШ:
Танд баяр хүргэе. Өмнөд Дакотад бүгдээрээ энэ кинонд дурлана гэдэгт би итгэлтэй байна.
КРИСТИН ГЕЙТС:
Маш их баярлалаа, Лори.
ТАТАР МАЙДАР







Гадаад




