ОХУ-ын Эрхүү хотын Тахал эсэргүүцэн судлах институтийн ажилтан нас барсантай холбогдуулан тус хотын хэд хэдэн эмнэлгийн байгууллагад хөл хорио тогтоолоо. Нас барсан шалтгаан нь уушгины хэлбэрийн тарваган тахал байж болзошгүй гэж үзэж байгаа ч албан ёсны байгууллагууд энэ мэдээллийг хараахан батлаагүй байна.
«Люди Байкала» хэвлэлийн мэдээлснээр, хөл хориог хотын клиник нэгдүгээр эмнэлэг, гуравдугаар эмнэлэг, аравдугаар эмнэлэг, төрөх эмнэлэг болон Ивано-Матренины нэрэмжит хүүхдийн клиникийн төв эмнэлгүүдэд тогтоосон байна.
Энэхүү үйл явдал нь Эрхүү хотын Тахал эсэргүүцэн судлах институтийн 28 настай лаборант Дарья Шипилова 10 дугаар сарын 2-нд шилжих шөнө нас барсантай холбоотой юм. Түүний нас барсан албан ёсны шалтгааныг одоогоор зарлаагүй байгаа юм.
Роспотребнадзор (Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхныг хянах холбооны алба)-оос "гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгаа"-тай өвчтөний талаар мэдээлсэн юм. Ингэхдээ тус албанаас тухайн ажилтны мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой бичил биетүүд илрээгүй гэж мэдэгджээ.
Гэвч үүний зэрэгцээ, Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов өмнө нь хийсэн мэдэгдэлдээ нас барсан шалтгааныг тарваган тахал байсан хэмээсэн байна.
Эрхүү мужийн амбан захирагч Игорь Кобзев 10 дугаар сарын 2-ны өдөр Роспотребнадзорын тэргүүн Анна Поповаг оролцуулан бүс нутгийн ариун цэвэр, халдвар судлалын комиссын ээлжит бус хуралдааныг зохион байгуулснаа мэдээлсэн юм. Хуралдаан хийх шалтгаан нь "онцгой аюултай халдварт өвчин" туссан байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотой байв. Гэхдээ амбан захирагч яг ямар үүсгэгч болохыг тодорхой нэрлээгүй байна.
Түүний хэлснээр, тус бүс нутагт халдварын эсрэг цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд халдвартай хавьтал болсон нь тогтоогдсон хүмүүсийг эмнэлгийн хяналтад аваад байгаа аж.
Үүнээс гадна, Шелехов хот дахь Эрхүүгийн хөнгөн цагааны үйлдвэрт амны хаалт зүүх дэглэм тогтоожээ. Дараа нь тус үйлдвэрийн удирдлагаас тайлбарлахдаа, амьсгалын замын зарим өвчлөл улирлын чанартай нэмэгдсэнтэй холбоотойгоор ийм арга хэмжээг үе үе авдаг хэмээн тодотгосон байна.
Ийнхүү албан ёсны байгууллагууд онцгой аюултай халдварт өвчний сэжиг илэрсэнтэй холбогдуулан халдварын эсрэг хариу арга хэмжээ авч байгааг баталж байгаа ч, тахал судлалын институтийн нас барсан ажилтан яг тарваган тахлын халдвар авсан байсан эсэх нь албан ёсоор бүрэн нотлогдоогүй байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад




