Гурван улс Йемений Хуситуудын "жигшүүрт халдлага"-ын хариуд хамтын тогтоон барих арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.
Турк, Пакистан, Саудын Араб улсууд харилцан бие хамгаалах пактын хүрээнд "тогтоон барих арга хэмжээг" идэвхжүүлж, Йемений Хуситуудын халдлагыг сөрөн зогсох зорилгоор Саудын Арабын Хаант Улс руу цэргийн хүчээ яаралтай байршуулахаар тохиролцлоо.
Энэхүү шийдвэрийг Даваа гарагт гурван улсын Батлан хамгаалах болон Гадаад хэргийн сайд нар Эр-Рияд хотноо яаралтай уулзалт хийсний дараа зарлав. Энэ нь 2026 оны наймдугаар сарын 7-нд гарын үсэг зурснаас хойш "Меккагийн батлан хамгаалах холбоо" (Mecca Alliance for Defence) хэмээн нэрлэгдэх болсон тус эвслийг анх удаа албан ёсоор ашиглаж буй тохиолдол болж байна.
Уг хэлэлцээрт тус гурван улсын аль нэг рүү халдсан тохиолдлыг бүх гишүүн орнууд руу халдсанд тооцно гэж заасан бөгөөд энэ нь НАТО-гийн үүсгэн байгуулагдсан гэрээний үндсэн заалттай ижил төсөөтэй юм.
Саудын Арабын Батлан хамгаалахын сайд Халид бин Салман олон нийтийн сүлжээндээ "Тус хороо эвслийн хүрээнд халдлага болон түүнийг зохион байгуулсан бүх хариуцагчдын эсрэг хамтын тогтоон барих арга хэмжээг идэвхжүүлэхээр тохиролцлоо" гэж бичжээ. Тэрээр мөн тус эвсэл "Хаант улс болон ариун дагшин газруудын эсрэг чиглэсэн жигшүүрт халдлагыг сөрөн зогсоход манай улсуудын эв нэгдэл, нэгдмэл байдлыг дахин баталгаажууллаа" хэмээн тэмдэглэв.
Пакистаны Гадаад хэргийн яамнаас нийтэлсэн тусдаа хамтарсан мэдэгдэлд гурван улс "тохиролцсон цэргийн хүчин болон нөөц бололцоог хангаж, тэднийг Саудын Араб руу түргэн шуурхай байршуулахыг баталгаажуулна" гэжээ. Эдгээр үүрэг амлалтуудыг "батлагдсан зохицуулалт"-ын дагуу болон улс бүрийн хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ гэж хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.
Энэхүү мэдэгдэл нь Йемений олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газрыг дэмжигч хүчнийхэн Ираны талыг баримтлагч Хуситуудад өнгөрсөн сард алдсан газар нутгаа эргүүлэн авах сөрөг довтолгоог эхлүүлснээс хэдхэн цагийн дараа гарлаа. Саудын Арабаар удирдуулсан эвслийн дэмжлэгтэй Йемений засгийн газрын хүчин Улаан тэнгисийн боомт хот болох Мохаг эргүүлэн авч, стратегийн чухал ач холбогдолтой Баб эл-Мандебын хоолойг хяналтдаа оруулснаа мэдэгдээд байна.
Саудын Арабаар удирдуулсан эвсэл уг давшилтад оролцож байгаагаа баталж, өөрсдийн 100 орчим сөнөөгч онгоцоор агаарын дэмжлэг үзүүлж буйг мэдээлэв. Үүний зэрэгцээ Хуситууд Эр-Рияд дахь Хаан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал болон Рабиг дахь "Aramco" компанийн газрын тос боловсруулах үйлдвэр рүү халдсан хэмээн мэдэгджээ. Тус бүлэглэл мөн нисэх буудал, агаарын цэргийн бааз зэрэг стратегийн чухал хэд хэдэн байршилд цохилт өгсөн гэсэн боловч Саудын Арабын тал үүнийг албан ёсоор батлаагүй байна.
Меккагийн батлан хамгаалах пакт
Меккагийн батлан хамгаалах эвсэл нь АНУ болон Израилийн Ираны эсрэг хийж буй дайнаас үүдэлтэйгээр бүс нутагт хурцадсан мөргөлдөөний хариу үйлдэл болж гарч ирсэн юм. Тус пактад наймдугаар сард буюу Хуситууд Саудын Арабын байгууламжууд руу довтолж, Йеменд давшилтаа эхлүүлэхээс өмнөхөн гарын үсэг зурсан байна.
2026 оны "Global Firepower" цэргийн хүчин чадлын индексээр тус холбооны гурван гишүүн орны зэвсэгт хүчин нийлээд 1.4 сая орчим идэвхтэй цэргийн албан хаагч, 3400 орчим цэргийн нисэх онгоц, 6000 танк болон 340 гаруй тэнгисийн цэргийн хөлөг онгоцтой ажээ.
Гэрээ байгуулагдах анхны шатанд улс бүрийн цэргийн хүлээх үүрэг хариуцлагын талаар нарийн деталчилсан мэдээлэл бага байсан ч эвслийг албан ёсны болгох алхмууд ийнхүү үргэлжилж байна. Есдүгээр сарын эхээр Хуситууд Саудын Араб руу пуужингаар бөөнөрүүлэн довтлох үед Пакистаны Батлан хамгаалахын сайд Хважа Асиф хэлэхдээ, Хаант улс руу халдсан тохиолдолд тус пакт шууд хэрэгжиж эхэлнэ хэмээн анхааруулж байсан юм. Гэвч Даваа гараг хүртэл тус эвсэл ямар нэгэн бодит үйлдэл хийгээгүй байв. Шинжээчдийн үзэж байснаар Пакистан болон Турк улсууд АНУ-Израиль болон Ираны хоорондох дайнд зуучлагчийн үүргээ алдахаас болгоомжилж, оролцохоос татгалзаж байсан аж.
Булангийн олон улсын форумын ахлах судлаач Абдулазиз Альгашиан хэлэхдээ, Меккагийн батлан хамгаалах пактыг идэвхжүүлэх шийдвэр нь бүс нутгийн аюулгүй байдалд маш том нөлөө үзүүлнэ гэв. Тэрээр "Сүүлийн долоо хоногууд болон саруудад хийсэн Хуситуудын халдлага, өдөөн хатгалга нь Меккагийн эвслийг идэвхжүүлэхийг үнэхээр хурдасгаж, бүр түүнд түлхэц боллоо" гээд, энэ үйл явдал нь бүс нутагт шинэ аюулгүй байдлын бүтэц хэлбэржиж буйн илрэл гэв. "Бид бүс нутгийн аюулгүй байдлын бүтэц гэж их ярьдаг ч энэ нь ихэвчлэн хоосон үг байдаг байсан. Харин одоо энэ нь хэрхэн бодитоор хэрэгжиж буйг харж байна. Энэ бол тус бүс нутгийн түүхэн дэх маш эгзэгтэй үе" хэмээн тэмдэглэжээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад




