Dark Light
Гадаад | 2026-10-06

ТРАМП АНУ-ЫН AI-Г ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛСИЙГ ТАГНУУЛЫН АЛБАНЫ ДАРГАД ДААТГАВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Цагаан ордон хиймэл оюун ухааны (AI) эрсдэл болон боломжуудыг судалж, тус технологийг хянахад холбооны засгийн газар ямар үүрэг гүйцэтгэх ёстой талаар зөвлөмж гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд 120 хоногийн дотор тайлангаа танилцуулах ёстой гэж уг ажлын хэсгийн дарга Жэй Клэйтон (Jay Clayton) мэдэгдсэнийг Wall Street Journal сонин уламжлав.

Үндэсний тагнуулын газрын даргаар ажилладаг Клэйтон хэлэхдээ, өөрөө "Супер оюун ухааны хүчин" (Super Intelligence Force) гэгдэх уг бүлгийг удирдах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын "Хиймэл оюун ухааны тусгай элч" (AI czar)-ийн үүргийг гүйцэтгэнэ гэж Цагааны ордны өндөр албан тушаалтны хэлснийг иш татан мэдээлжээ.

Хэд хэдэн Ардчилсан болон Бүгд найрамдах намын хууль тогтоогчид үүнтэй холбогдуулан түгшиж буйгаа илэрхийлж, илүү идэвхтэй арга хэмжээ авахыг уриалж байна. Трамп хиймэл оюун ухааны зохицуулалтад хэт хатуу хандахгүй байх байр суурьтай байгаа бөгөөд хэт их хяналт шалгалт нь Хятад улстай хийх дэлхийн өрсөлдөөнд АНУ-ын өрсөлдөх чадварыг сулруулна гэж үзэж байгаа юм. Тэрээр Мягмар гарагт хэлэхдээ, хиймэл оюун ухааны технологийг удирдах, зохицуулах тал дээр Хятад улсын дарга Ши Жинпинтэй хамтран ажиллахыг хүсэхгүй байна гэжээ.

Клэйтоны ахлах тус зөвлөл нь хиймэл оюун ухаантай холбоотой эрсдэлүүд болон мэдээлэл алдагдах, хакердуулах зэрэг бусад үйл явдлын үеийн засгийн газрын өнөөгийн тайлагналын механизмыг хянан үзэж, одоо байгаа эрх мэдлийн хүрээнд холбооны засгийн газрын хариу арга хэмжээ авах чадавхийг хэрхэн бэхжүүлэх арга замыг санал болгох юм гэж тус аж ахуйн хэсгийн дүрмийг иш татан Wall Street Journal мэдээлсэн байна.

Трамп захиргааныхаа хэмжээнд хиймэл оюун ухаантай холбоотой шийдвэрүүдийг хянах зөвлөхийг хоёр дахь удаагаа томилж буй нь энэ юм. Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацааны эхэнд венчур хөрөнгө оруулагч Дэвид Сакс (David Sacks) хиймэл оюун ухааны элчийн үүргийг гүйцэтгэж байсан билээ.

Ажлын хэсгийн удирдлагад Клэйтоноос гадна Холбооны худалдааны комиссын дарга Эндрю Фергюсон (Andrew Ferguson), Пентагоны Технологи хариуцсан захирал Эмил Майкл (Emil Michael), Төрийн албаны удирдлагын газрын захирал Скотт Купор (Scott Kupor) нар багтах болно гэж Трамп бичжээ.

Уг зөвлөл нь Ерөнхийлөгч болон Цагааны ордны Тамгын газрын дарга Сьюзи Уайлс (Susie Wiles) нарт ажлаа шууд тайлагнана гэж тэрээр тэмдэглэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19