Dark Light
Гадаад | 2026-10-06

ЦЭЦЭРЛЭГТ 5 НАСТАЙ ОХИН ХҮЧИРХИЙЛҮҮЛСЭН ХЭРГИЙН ДАРАА УЗБЕКИСТАНД ЮУ БОЛОВ?

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Цэцэрлэгт 5 настай охин хүчирхийлүүлсэн хэргийн дараа Узбекистаны Сенат хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноохыг дэмжлээ

Узбекистан улсын Сенат 10 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаараа 14 хүрээгүй (14 хүртэлх насны) хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг чангаруулах тухай хуулийн төслийг дэмжсэн байна. Энэ талаар Узбекистаны парламентын дээд танхим буюу Олий Мажлисын хэвлэлийн алба мэдээлэв.

Уг хуулийн төсөлд Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Эрүүгийн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Эрүүгийн гүйцэтгэх, Хөдөлмөрийн кодексууд болон Захиргааны хариуцлагын тухай кодекст өөрчлөлт, нэмэлтүүд орох юм.

Хуулийн гол заалтаар 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд 25 жил хүртэл хугацаагаар хорих эсвэл бүх насаар нь хорих ял оноохоор тогтоожээ. Энэ төрлийн гэмт хэрэгт хариуцлагад татах болон ял гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй. Хэрэв хүүхдийн амь насыг хохироосон санаатай гэмт хэрэг үйлдсэн бол ялтанд тэнсэн харгалзах ял оноох, эсвэл хугацаанаас нь өмнө суллахыг (хуулийн хугацаанаас өмнө суллагдах) бүрэн хориглосон байна.

Мөн хуулиар хүүхэд хамгааллын хэрэг хянан шийдвэрлэх нэмэлт механизмуудыг нэвтрүүлж байна. Хүчирхийлэлд өртсөн эсвэл гэрч болсон насанд хүрээгүй хүүхдүүдэд хэрэг бүртгэлтийн анхны ажиллагаанаас эхлэн улсаас үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа (өмгөөлөгч) үзүүлнэ. Олон удаа байцаалт авч, хүүхдийг дахин сэтгэл зүйн гэмтэлд (травма) өртүүлэхгүйн тулд хохирогч хүүхдээс авах байцаалтыг заавал дүрс бичлэгээр (видео) баталгаажуулах үүрэгтэй болжээ. Бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд болон сэжигтэн этгээдийн хооронд нүүрэлдүүлж байцаах ажиллагааг зөвхөн мөрдөгч, прокурорын тусгай шийдвэр эсвэл шүүхийн тогтоолоор л гүйцэтгэхээр заасан байна.

Ажил олгогчид боловсрол, хүмүүжлийн байгууллагын ажилтан хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд түүнийг шууд ажлаас халах эрхтэй болно. Сенатор Покиза Ахмеджановагийн мэдээлснээр, зөвхөн 2025 онд боловсролын байгууллагуудад хүүхдийн эсрэг хүчирхийллийн 122 тохиолдол илрүүлсний 38 нь цэцэрлэгт, 84 нь сургуульд гарчээ.

Үүнээс гадна эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сулруулсан, бэлгийн дарамт учруулсан, гэрлэлтийн насыг зөрчсөн, мөн хүүхдийн эрүүл мэндэд хортой мэдээллээс хамгаалаагүй тохиолдолд хүлээлгэх захиргааны шийтгэлийг чангатгаж байгаа аж.

Сенатын дарга Танзила Нарбаева хэлэлцүүлгийн үеэр уг хууль нийгмийг цочроосон хэргүүдийн дараа яаран гарч байгааг хүлээн зөвшөөрөөд, цаашид хүүхэд хамгаалалд системтэй хандах шаардлагатайг мэдэгдэв.

"Бид заавал ямар нэгэн муу үйл явдал болохыг хүлээж, дараа нь хариу үйлдэл үзүүлдэг байж болохгүй. Энэхүү аймшигт хэргийн дараа хуулийг баталж байгаа нь бид үүнийг бүр эрт хийх ёстой байсныг харуулж байна" гэж Нарбаевагийн хэлснийг "Газета.uz" иш татжээ.

Нарбаева зөвхөн хүчирхийлэл үйлдсэн этгээдээс гадна үүргээ гүйцэтгээгүй, хайнга хандсан албан тушаалтнуудын үйлдэлгүй байдалд хууль эрх зүйн үнэлгээ өгөх ёстойг онцоллоо. Түүний үзэж буйгаар Ерөнхий прокурорын газар хүчирхийллийн тухай гомдлыг бүртгэхгүй нуун дарагдуулах, шалгалтыг сунжруулах явдлыг бүрэн таслан зогсоох ёстой аж.

Энэхүү хуулийг чангатгах хэлэлцүүлэг нь Наманган мужид таван настай охиныг хүчирхийлсэн шуугиант хэргийн фон дээр өрнөж байгаа юм. Тус хэрэгт сэжигтнээр цэцэрлэгийн 52 настай аж ахуйн эрхлэгчийг саатуулан шалгаж байгаа бөгөөд түүнд Узбекистаны Эрүүгийн хуулийн 118 дугаар зүйлийн 4 дэх хэсгээр ("14 насанд хүрээгүй хүнийг хүчирхийлэх") ял тулгаад байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр сэжигтний ар гэрийнхэн хохирогч охины ээжид мөнгө санал болгож, өргөдлөө буцааж авахыг шаардан дарамт шахалт үзүүлж байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10