БНСУ-д гарсан олон нийтийг хамарсан зодооны үеэр Киргизийн хэд хэдэн иргэн өртөж, бэртсэн хэмээн Бүгд Найрамдах Киргиз Улсын ГХЯ мэдээлэв.
БНСУ-ын Пёнтэк (Pyeongtaek) хотод аравдугаар сарын 4-нд шилжих шөнө гарсан олон нийтийг хамарсан зодооны үеэр Бүгд Найрамдах Киргиз Улсын хэд хэдэн иргэн өртөж, бэртэж гэмтсэн талаар тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албанаас аравдугаар сарын 6-ны өдөр мэдээллээ.
Хэрэг гарсан өдөр Киргиз Улсаас БНСУ-д суугаа Консул үйл явдал болсон газарт шуурхай очиж, саатуулагдсан киргиз иргэд, Солонгосын цагдаагийн байгууллага болон эмнэлгийн ажилтнуудтай уулзалт хийсэн байна.
"Бэртэж гэмтсэн элэг нэгтнүүдийн маань биеийн байдалд тогтмол хяналт тавьж, тэдний эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бүхий л шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна. Мөн хохирсон болон саатуулагдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсөдтэй байнгын холбоотой ажиллаж байна. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэж Киргизийн ГХЯ-наас онцолжээ. Тус асуудлыг яамны зүгээс бүрэн хяналтдаа аваад байгаа аж.
Уг үйл явдал аравдугаар сарын 3-ны өдрийн 23:40 цагийн орчимд орон сууцны хорооллын хүүхдийн паркад гарчээ. Хяналтын камерын бичлэгт үндэслэн цагдаагийн байгууллагаас гаргасан урьдчилсан үнэлгээгээр зодоонд 15 орчим хүн оролцсон байна. Гэхдээ хэргийг нүдээр харсан гэрчүүд анх үйл явдалд 40 орчим хүн оролцсон, зарим нь модон саваагаар зэвсэглэсэн байсан гэж мэдээлж байжээ.
Цагдаагийнхан хэргийн газраас зугтахыг оролдсон 20-29 насны хоёр эрэгтэйг саатуулсан бөгөөд тэд Киргиз болон ОХУ-ын иргэд байжээ. Тэд хоёулаа биедээ гэмтэл авсан, түүний дотор яс нь хугарсан байсан тул эмнэлэгт хүргэгдсэн байна. Цагдаагийн мэдээлж буйгаар тэд тус улсад хууль ёсны дагуу оршин сууж байсан аж.
Саатуулагдсан иргэд зодоонд оролцсоноо үгүйсгэж байгаа бөгөөд гудамжаар алхаж явах үед нь тэдэн рүү үл таних хүмүүс гэнэт халдсан гэж мэдэгджээ.
"The Korea Times" сонины мэдээлснээр Солонгосын цагдаагийн байгууллагын урьдчилсан хувилбараар уг хэрэг хоёр өөр улсын иргэдийн бүлэг хоорондын зөрчилдөөнөөс үүдэлтэй байж болзошгүй гэнэ. Одоогоор зодоонд оролцсон бусад этгээдүүдийн хэн болох, ямар улсын иргэншилтэйг эцэслэн тогтоогоогүй байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад




