Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн яам дайны бүсэд байгаа өөрийн улсын иргэдийг эх оронд нь буцаан авчрах талаар ОХУ-тай хэлэлцээ хийж байна. Аравдугаар сарын 2-ны өдөр тус яамны албан ёсны төлөөлөгч Жанболат Усенов хэд хэдэн гэр бүл тусламж хүсэж хандсан талаар мэдээлсэн бөгөөд үүний дараа сошиал медиагаар дайны бүсэд байгаа Казахстан иргэд эх орондоо буцахад нь туслахыг хүссэн дүрс бичлэгүүдээ дараалан цацсаар байгаа юм.
Казахстаны Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, олон нийтийн сүлжээгээр тусламж хүсэж бичлэг хийсэн иргэдийн асуудалд холбогдох байгууллагууд аль хэдийн шаардлагатай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн бөгөөд тэднийг эх оронд нь буцаан авчрах хэлэлцээ үргэлжилж байна. Мөн тусгайлан нээсэн шуурхай утсаар иргэдийн хандалт, өргөдөл тасралтгүй ирсээр байгаа бөгөөд мэдээлэл нэг бүрийг нарийвчлан шалгаж байгаа аж.
Шалгаж дууссаны дараа эцсийн байдлаар нэгдсэн нэрсийн жагсаалтыг гаргаж, Оросын талд хүргүүлэхээр төлөвлөжээ. Казахстаны зүгээс энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд ОХУ-ын талтай бүх шатанд тогтмол, идэвхтэй харилцаа холбоотой ажиллаж байгаагаа албан ёсоор баталсан байна.
ТАТАР МАЙДАР






Гадаад




