АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны Нобелийн энх тайвны шагналыг хүртэх магадлал бага гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч уг шагналыг авах эрхтэй хэвээр гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Норвегийн Нобелийн хороо 2026 оны Энх тайвны шагналын эзнийг баасан гарагт зарлах бөгөөд Трамп тэдний шийдвэрийг мэдэхгүй байгаагаа хэлээд, "Тэд над шиг хүмүүст шагнал өгдөггүй гэдгээрээ алдартай" хэмээн дурдсан байна.
Трамп Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш дэлхийн хамгийн нэр хүндтэй энэхүү шагналыг хүртэх ёстой гэж удаа дараа мэдэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадо өөрийн 2025 оны Нобелийн энх тайвны шагналын медалиа түүнд гардуулан өгч байжээ. Камбож, Израиль, Пакистаны удирдагчид Трампыг тус шагналд нэр дэвшүүлсэн гэж мэдэгдсэн ч энэ нь албан ёсоор батлагдаагүй байна. Хэдийгээр Трамп өөрийгөө хэд хэдэн мөргөлдөөнийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа ч зарим бүс нутагт тухайлбал Конго болон Камбож-Тайландын хил дээр мөргөлдөөн дахин дэгдээд байгаа юм. Мөн тэрээр Орос-Украины дайныг зогсоож чадаагүй байгаа бөгөөд АНУ-Израилийн хамтарсан Ираны эсрэг цохилт нь долоон сар үргэлжилсэн мөргөлдөөнд хүргэж, эрчим хүчний хангамжид нөлөөлөөд байна.
Энэ оны Энх тайвны шагналыг хүртэх хамгийн өндөр магадлалтай нэр дэвшүүлэгчдийн тоонд Ромын Пап Лео, Олон улсын эрүүгийн шүүх болон Палестины газар нутаг хариуцсан тусгай илтгэгч зэрэг эрхмүүд багтаж байгаа ажээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад




