Энэтхэгт Ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газрын эсрэг өрнөж буй залуучуудын эсэргүүцлийн хөдөлгөөний гол дүр төрхөөр 29 настай Неха Бора тодроод байна. Сонгуулийн санал луйвардсан гэх асуудлаар тэмцэж буй түүнийг цагдаа нар саатуулсан ч тэрээр тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалсаар байгаа юм.
Эдүгээ 29 настай, докторант Неха Бора, Ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газарт сүүлийн жилүүдэд тулгараагүй хамгийн том сорилтыг бий болгоод байна.
Тэрээр энэ амралтын өдрүүдэд эрх баригчдын зүгээс жагсагчдыг тараах үеэр баривчлагдсан хэд хэдэн нөлөө бүхий тэмцэгчдийн нэг юм. Залуучуудын "Жоом" (Cockroach) хөдөлгөөнөөр удирдуулсан уг эсэргүүцлийн жагсаал нь Модигийн намыг дэмжихийн тулд сонгуулийн санал луйвардсан, сонгогчдын нэрсийн жагсаалтаас Японы хүн амаас ч олон буюу 130 сая хүний нэрийг устгасан гэж үзэн, сонгуулийн хорооны даргаа огцрохыг шаардаж байгаа аж. Сонгуулийн комисс болон Модигийн нам эдгээр буруутгалыг эрс үгүйсгэж байна.
Бүх Энэтхэгийн Оюутнуудын Холбооны (AISA) үндэсний ерөнхийлөгч Неха Бора өнгөрсөн хагас сайн өдөр цагдаа нарт саатуулагдсан хэдий ч цахим сүлжээгээр дамжуулан "Би саатуулагдсан ч тэмцэл зогсоогүй. Хаана ч байсан эсэргүүцлээ үргэлжлүүл" хэмээн дэмжигчиддээ уриалж байсан бөгөөд тухайн өдрөө суллагджээ. Тэрээр хэлэлцүүлгийн үеэр аядуу зөөлөн ярьдаг ч микрофоны ард гарахаараа хинди болон англи хэлээр маш хүчтэй илтгэл тавьж, Үндсэн хуулиар олгогдсон эрх, ажилгүйдэл, боловсролын салбарын луйвар, тэгш бус байдлыг хөндөн маш олон дагагчтай болоод байна.
Тэрээр бакалаврт суралцаж байхдаа театрын дугуйланд элссэн бөгөөд энэ нь өөрөөсөө огт өөр хүмүүсийн амьдралыг ойлгож, мэдрэхэд сургасан тухайгаа энэ сард Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. "Бодит амьдрал дээр тааралдвал санал нийлэхгүй, таалагдахгүй тийм дүр байж болно. Гэхдээ театрт тоглоно гэдэг нь тэр хүнийг хаанаас ирсэн, яагаад ийм болохыг нь ойлгохыг хэлнэ" хэмээн тэрээр өгүүлсэн байна. Түүний амьдралын эргэлтийн цэг нь лалын шашинтнуудыг гадуурхсан гэж шүүмжлэгддэг иргэншлийн тухай хууль байв. Бора өөрийн үеийн оюутнууд лекцийн танхимаас гарч, гудамжинд жагсан, ном зохиол, киноноос харж байсан үзэл санаагаа хэрхэн улс төрийн тэмцэл болгон хувиргаж байгааг харжээ.
Тэрээр өнгөрсөн долдугаар сард шалгалтын материал задарсан дуулианы үеэр Боловсролын сайдыг огцрохыг шаардан бусад тэмцэгчидтэй нэгдсэнээр олон нийтийн анхааралд илүү өртсөн юм. Жагсагчдын эсэргүүцэлд хандаж буй засгийн газар болон цагдаагийн хариу үйлдлийг шүүмжилсэн түүний илтгэлүүд цахим орчинд маш өргөн тархсан байна. Үүнээс хойш тэрээр нийслэл хотод болж буй жагсаал цуглааны салшгүй нэг хэсэг болжээ. Сонгуулийн ерөнхий комиссын дарга Гянеш Кумарыг огцрохыг шаардсан жагсаалын үеэр тэрээр олон удаа саатуулагдсан ч суллагдах бүрдээ л гудамжинд буцаж гарсаар байдаг нэгэн.
Түүний үзэж байгаагаар өнөөгийн тэмцлийг зөвхөн үзэл суртал хөтлөөгүй бөгөөд үүнээс илүү хүчтэй зүйл бол "найдвар" ажээ. "Айдас халдвартай байдаг нь үнэн. Гэхдээ найдвар ч бас халдвартай" гээд "Хүмүүс одоо зориг гаргаж чадна гэдэгтээ итгэж байгаа учраас зоригтой байна" гэжээ. Энэхүү жагсаал цуглаанууд нь олон жилийн турш хуримтлагдсан гомдол цөхрөлийн илэрхийлэл гэдгийг Бора онцлоод "Хүмүүс бүгдийг санаж байгаа. Тэд дотроо тэрхүү сэтгэл дундуур байдал, урвалт, урам хугаралтыг тээж явдаг" хэмээн хэлсэн байна.
ТАТАР МАЙДАР



)



Гадаад



