Хоёр улс стратегийн түншлэлийнхээ хүрээнд тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, автомашины үйлдвэрлэлийг нутагшуулахаар тохирсон юм.
Узбекистан Улс болон Япон Улсын хооронд эдийн засаг, хөрөнгө оруулалтын түншлэлийг өргөжүүлэх, эрүүл мэнд, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт хамтарсан мега төслүүд хэрэгжүүлэх асуудлаарх дээд хэмжээний хэлэлцээ Ташкент хотноо амжилттай боллоо. Тус улсын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, худалдааны яамнаас мэдээлснээр, Сайд Лазиз Кудратов болон “Япон-Узбекистаны Торгоны замын сан” (JUSRF)-гийн төлөөлөгчид барилга, эрүүл мэнд, аж үйлдвэр, боловсрол, аялал жуулчлалын салбарт Японы тэргүүлэх компаниудын ноу-хау, хөрөнгө оруулалтыг татах урт хугацааны стратегийг баталсан байна. Уулзалтад Японы "Sakura Global Holding", "Sakura Seiki" болон "JA Hokkaido Central Union" зэрэг үндэстэн дамнасан корпорациудын удирдлагууд албан ёсоор оролцжээ.
Эрүүл мэнд, Тусгай эдийн засгийн бүсийн төслүүд
Талууд анагаах ухааны боловсролыг олон улсын стандартад хүргэх, их сургуулийн нэгдсэн клиник эмнэлэг байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Үүнээс гадна Самарканд хотын Тусгай эдийн засгийн бүсийн төслүүдэд Японы бизнесийн хүрээнийхнийг татан оролцуулах, үйлдвэрлэлийг нутагшуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг (PPP) шинэ шатанд гаргахад гол анхаарлаа хандуулжээ.
2025 онд автомашины салбарт 100 сая ам.долларын Япон хөрөнгө оруулалт орохоор болсныг энд дурдах нь зүйтэй.
Аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Узбекистаны автомашины үйлдвэрлэлийг олон улсын түвшинд гаргах чухал хэлэлцээрүүд хийгдэж байна.
-
Стратегийн шинэ гэрээ: 2025 онд Узбекистаны автомашины салбарын гол тоглогч "ADM Global" компани Японы худалдаа, хөрөнгө оруулалтын конгломерат болох "Sojitz Corporation"-той стратегийн түншлэлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээний дагуу Японы талаас Узбекистаны автомашины салбарт 100 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.
-
Үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг өргөжүүлэх нь: Энэхүү түншлэлээр Японы "Sojitz" корпораци Узбекистан дахь Хятадын "Great Wall Motor" (GWM) брэндийн автомашины дистрибьютерийн хувьцааг эзэмшиж, үйлдвэрлэлийн сүлжээг тэлэхэд хамтран ажиллаж байна.
-
Японы Isuzu брэндийн түүхэн түншлэл: Узбекистан нь хүнд даацын автомашины салбарт Японы "Isuzu Motors" болон "Itochu" корпорациудтай олон жилийн өмнөөс хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Тэд Самарканд хотын автомашины үйлдвэрт ("SamAuto") хамтран автобус, ачааны машин болон пикап автомашинуудыг Японы дэвшилтэт технологиор амжилттай үйлдвэрлэж байна.
Ийнхүү хоёр улс 2024 оны 7 дугаар сард байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд шууд бизнесийн харилцаагаа бэхжүүлж, Узбекистаны эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Японы хөрөнгө оруулалт, экспертизийг татах ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байна.
ТАТАР МАЙДАР





)
Гадаад



