Dark Light
Гадаад | 2026-10-13

КАЗАХСТАНЫ ДЕПУТАТ: БИД ЦАХИМ УЛСЫГ БАЙГУУЛСАН Ч УНТРААЛГА НЬ ӨӨР УЛСАД БАЙЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Улсын домэйн нэр өөр улсад байрлавал юу болохыг Казахстаны жишээ бэлээхэн харууллаа

Казахстаны цахим хөгжлийн яам ОХУ дахь дата төвүүд Украины халдлагад өртсөний улмаас “Яндекс”-ийн үйлчилгээ улс даяар нь тасалдсанд тайлбар өгсөн байна.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Хиймэл оюун ухаан, цахим хөгжлийн яамнаас ОХУ-д байрлах тус компанийн серверүүд халдлагад өртсөний дараа Казахстанд „Яндекс“-ийн зарим үйлчилгээ доголдсон шалтгааныг тайлбарлалаа. Тус газрын албан ёсны хэвлэлийн мэдээндээ .kz домэйн нэр дээрх компанийн бүтээгдэхүүнүүдийг хариуцдаг серверүүд тус улсын нутаг дэвсгэрт байрлах ёстой гэсэн иргэдийн шүүмжлэлд хариулт өгсөн юм.

Яамны зүгээс Казахстаны хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хадгалах серверүүд тус улсад байршсан бөгөөд хэвийн ажиллаж байгааг батлан мэдэгдэв. Гэвч энэ нь „Яндекс“-ийн бүх дэд бүтэц Казахстанд байна гэсэн үг биш юм.

„Такси болон хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зарим тусдаа бүрэлдэхүүн хэсгүүд Казахстаны хилээс гадна байрладаг“ хэмээн Цахим хөгжлийн яамнаас тайлбарлажээ.

Өдгөө „Яндекс“ компани сэргээн босгох ажлыг хийж байна. Тус яамнаас компани болон Казахстаны дэд бүтцийн байгууллагуудтай хамтран ажиллаж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байгаа аж.

„Үүний зэрэгцээ такси болон хүргэлтийн бусад платформуудын ачаалал нэмэгдсэн нөхцөлд тэдгээрийн тогтвортой байдлыг хангах ажлыг хамт хийж байна“ гэж ведомство нэмж дурдсан байна.

2023 оны 12 дугаар сард тус яамны хэвлэлийн албанаас „Яндекс“ компани орон нутгийн хууль тогтоомжийн шаардлагын дагуу серверүүдээ Казахстаны нутаг дэвсгэрт байршуулсан талаар мэдээлж байсан юм. Тухайн үед „Одоо yandex.kz нь улс дотор байрлах серверүүд дээр ажиллах болно“ хэмээн мэдээлж байжээ.

Халдлагын тухай:

10 дугаар сарын 11-ний өдөр нисгэгчгүй нисэх аппарат (дрон) Москва хотоос дунджаар 180 км-ийн зайд орших Владимир муж дахь „Яндекс“-ийн дата төвийн дэд бүтцийг гэмтээжээ. Үүний улмаас тус төвийн үйл ажиллагаа бүрэн зогссон байна. Энэ нь долоо хоногийн дотор Орос дахь „Яндекс“-ийн дата төвүүд рүү хийсэн гурав дахь цохилт байв. 10 дугаар сарын 8-нд шилжих шөнө дрон Рязань мужийн Сасово дахь дата төвийг гэмтээсэн бол 10 дугаар сарын 9-нд Калуга муж дахь объект халдлагад өртсөн талаар компани мэдээлж байжээ.

Тоног төхөөрөмжүүд гэмтсэн нь тус компанийн үйлчилгээ ОХУ-д төдийгүй Казахстан, Узбекистан, Кыргызстан зэрэг хэд хэдэн оронд тасалдах шалтгаан болсон байна. Дээрх орнуудын оршин суугчид такси захиалах, хоол болон хүнсний бүтээгдэхүүн хүргүүлэхэд асуудал гарч буйд гомдоллож байсан юм.

ОХУ дахь дата төвүүд цуврал халдлагад өртсөний улмаас „Яндекс“-ийн такси, хүргэлтийн үйлчилгээ Казахстан, Узбекистан, Киргиз зэрэг Төв Азийн орнуудад зэрэг тасалдсан нь цахим хараат байдлын том асуудлыг хөндлөө.

Уг үйл явдалтай холбогдуулан Казахстаны Парламентын Мажилисын депутат Мурат Абенов өөрийн байр сууриа илэрхийлэхдээ: „Бид цахим улсыг байгуулсан ч унтраалга нь өөр улсад байжээ“ хэмээн маш хурцаар шүүмжлэн бичсэн байна. Энэ нь тус улсын технологийн дэд бүтэц гадны улсаас хэр зэрэг хамааралтай байгааг илэрхийлсэн дуулиант мэдэгдэл болов.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10