АНУ-ын Конгрессын гишүүн, Ардчилсан намын зүүн жигүүрийн томоохон төлөөлөл Илхан Омарын Вашингтон дахь гэрт даваа гарагт Холбооны мөрдөх албаныхан нэгжлэг хийлээ. Сонгууль болоход ердөө гурван долоо хоног үлдсэн энэ үед болсон уг үйл явдал Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүнийг хурцаар шүүмжлэгч конгрессын гишүүн нарын хоорондох зөрчлийг дээд цэгт нь хүргэж байна.
Нэгжлэгийг Дотоодын аюулгүй байдлын мөрдөх албаны (HSI) агентууд гүйцэтгэсэн бөгөөд "Fox News"-ийн мэдээлж буйгаар, уг ажиллагаа Илхан Омарыг хүүхэд байхад нь түүний талийгаач эцгийнх нь бүрдүүлж өгсөн цагаачлалын бичиг баримттай холбоотой залилангийн хэргийн мөрдөн байцаалттай холбоотой аж. Хууль зүйн яамнаас шүүхийн зөвшөөрлийн дагуу нэгжлэг хийсэн гэдгийг баталсан ч Омарын нэрийг албан ёсоор дурдаагүй бөгөөд одоогоор ямар нэгэн албан ёсны ял зэм тулгаагүй байна.
Үйл явдлын дараа Илхан Омар өөрийгөө зүгээр байгааг дурдаад, Трампын засаг захиргааг улс төрийн өрсөлдөгчөө зориудаар онилж, хууль сахиулах байгууллагыг зэвсэг болгон ашиглаж байна хэмээн буруутгав. Тэрээр X (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулан "Энэ бол намайг айлган сүрдүүлэх гэсэн улс төрийн ээлжит явуулга" гэж мэдэгджээ. Бяцхан охин байхдаа Сомалиас дүрвэж ирсэн, өдгөө 44 настай Илхан Омар нь Трампын цагаачлалын хатуу бодлогыг хамгийн ихээр шүүмжилдэг "The Squad" бүлгийн гишүүн юм.

Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Омарыг "маш нарийн" шалгаж байгааг дурдаад, "Би түүнийг хувь хүнийх нь хувьд үргэлж луйварчин гэж хардаг байсан, гэхдээ энэ нь надтай хамаагүй. Тэр бол зүгээр л гомдоллогч, аймшигтай хүн" хэмээн ярьжээ.
Уг ажиллагаа Ардчилсан намынхны зүгээс ширүүн шүүмжлэл дагуулж байна. Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын дарга Хаким Жеффирис болон Миннесота мужийн Амбан захирагч Тим Уолз нар Ерөнхийлөгчийг сонгуулийн өмнө эрх мэдлээ урвуулан ашиглаж байна гэж буруутгав. Мөн Хууль зүйн яамны Олон нийттэй харилцах газрын захирал асан Шочитл Хинохоса сонгуульд нэр дэвшигчийн эсрэг яг сонгуулийн өмнө ийм ил тод арга хэмжээ авдаггүй Хууль зүйн яамны эртний дүрмийг зөрчсөн явдал хэмээн шүүмжилжээ. Харин Бүгд найрамдах намын конгрессын гишүүн Нэнси Мэйс "Хуулийн дээр хэн ч байх ёсгүй" гээд, хэрэв залилан нь тогтоогдвол Омарыг иргэншлээс нь хасаж, албадан гаргах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
ТАТАР МАЙДАР






Гадаад




