Хойд Солонгос улс БНХАУ-ын Бээжин хот дахь өөрийн Элчин сайдын яамны байрандаа нууц шорон ажиллуулж, дэглэмдээ аюул учруулж болзошгүй гэж үзсэн иргэдээ байцаан, албадан буцаадаг байж болзошгүй тухай ноцтой мэдээлэл гарлаа.
Энэхүү мэдээллийг Сөүлд төвтэй хүний эрхийн Transitional Justice Working Group (TJWG) байгууллагаас гаргасан "Хойд Солонгосын хил дамнасан хэлмэгдүүлэлт: Хятад" хэмээх тайланд дурджээ. Тус байгууллага Хойд Солонгосын дипломатч асан зэрэг хэд хэдэн эх сурвалжтай хийсэн ярилцлагад үндэслэн энэхүү тайланг боловсруулсан байна.
Тайланд дурдсанаар, уг нууц байгууламж нь Бээжин дэх Элчин сайдын яамны хонгилд байрладаг бөгөөд тэнд хяналт тавих, мөрдөн мөшгих, баривчлах, саатуулан байцаах, улмаар албадан буцаах ажиллагаанууд явагддаг аж. Энэхүү нууц ажиллагааг консулын албан тушаалтай боловч үнэн хэрэгтээ Хойд Солонгосын тагнуулын газрын ажилтан болох "аюулгүй байдлын төлөөлөгч" удирдан зохион байгуулдаг байна. Баривчлагдсан иргэдийн талаарх мэдээллийг 12-24 цагийн дотор Пхеньян руу тайлагнадаг ажээ.
Үүний нэг жишээ болгон Хойд Солонгосын хакер Пэ Ён Жүгийн хэргийг тайланд дэлгэсэн байна. Тэрээр Өмнөд Солонгос руу дүрвэхээр оролдож байгаад Өвөр Монголын нутагт Хятадын эрх баригчдад баригджээ. Хятадын талд зургаан сар орчим байцаагдсаны эцэст түүнийг Шэньян дахь Хойд Солонгосын Ерөнхий консулын газарт шилжүүлэн өгсөн байна. Консулын газар түүнийг Бээжин дэх нууц шорон руу шилжүүлжээ.
Улмаар түүнийг "Air Koryo" авиа компанийн нислэгээр Хойд Солонгос руу буцаахдаа хөдөлж чадахгүй болгон тэргэнцэр дээр суулгаж, биеийг нь бүхэлд нь гипсдэн, өвчтөн мэтээр зүсийг нь хувирган авч явсан байна. Түүнийг нутаг буцсанаас хойш гурван жилийн дараа нас барсан гэдгийг нэгэн мэдээлэгч баталсан хэмээн тайланд дурджээ.
Тус хүний эрхийн байгууллагаас "Хойд Солонгосын энэхүү хил дамнасан хэлмэгдүүлэлт нь олон улсын ноцтой гэмт хэрэг, хүний эрхийн зөрчил төдийгүй Хятад улсын шүүх засаглалын бүрэн эрхт байдал, хууль ёсны үйл ажиллагаанд хохирол учруулж байна" хэмээн мэдэгдлээ. Мөн уг ажиллагаанд Хятадын эрх баригчид тодорхой хэмжээгээр хамтран ажилладаг байж болзошгүйг тэмдэглээд, Хятад улс Хойд Солонгосын хүний эрхийн зөрчлийг хэрхэн шийдвэрлэж байгаад олон улсын хамтын нийгэмлэг анхаарал хандуулахыг уриалсан байна.
ТАТАР МАЙДАР






Гадаад




