АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Хятад улсуудад хандан Иранд цэрэг дайны болон тагнуулын дэмжлэг үзүүлбэл “маш их зүйл алдах болно” гэж хатуу анхаарууллаа. Тэрээр үүний зэрэгцээ эдгээр улсууд одоогоор Тегеранд ямар нэгэн бодитой тусламж үзүүлэхгүй байгаа гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.
Трампын байр суурь ба эргэлзээ
Дональд Трамп өөрийн "Truth Social" платформдоо Бээжин, Москва хоёроос Тегеранд үзүүлж буй аливаа дэмжлэг "маш бага түвшинд" байгааг дурджээ. Хэрэв ямар нэгэн ноцтой хөдөлгөөн өрнөвөл АНУ-ын засаг захиргаа болон тагнуулын байгууллагууд үүнийг "маш хурдан" илрүүлэх болно гэдгийг тэрээр онцолсон байна. Түүний энэхүү мэдэгдэл нь Орос, Хятад улсууд Иранд өргөн хэмжээний тусламж үзүүлж, холбоотон болж байна хэмээн шүүмжилсэн "радикал зүүнийхэн"-ий дайралтад өгсөн хариулт ажээ.
Шууд анхааруулга ба дипломат харилцаа
Энэхүү мэдэгдэл нь Москва, Бээжин хоёр Тегерантай ойр дотно харилцаатай хэвээр байгаа үед гарч байна. Трамп саяхан Вашингтонд зочилсон Хятадын удирдагч Ши Жиньпинд биечлэн анхааруулга өгч байсан бөгөөд Бээжин дэх АНУ-ын элчин сайд Хятадын талаас "ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй" гэсэн баталгааг Трамп авсан хэмээн баталж байв. Гэвч үүнтэй зэрэгцэн Тегеранд зөөврийн агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем нийлүүлэгдэж, газрын тосны хоригийг тойрч гарахад нь тусламж авч байгаа тухай Өрнөдийн тайлангууд гарсаар байгаа юм.
Оросын дэмжлэгийн хэлбэр ба бодит нөхцөл байдал
Өрнөдийн тагнуулын мэдээллээр Оросын зүгээс Тегеранд АНУ-ын зэвсэгт хүчин, хөлөг онгоц, нисэх онгоцны хөдөлгөөнийг хянах хиймэл дагуулын зураг болон тагнуулын мэдээллийг өгч байгаа бөгөөд энэ нь Ираны бай устгах нарийвчлалыг сайжруулахад нөлөөлжээ. Үүнээс гадна пуужин болон дроны эд ангиудыг шилжүүлсэн байна. Техник, цэргийн хамтын ажиллагаа ийнхүү өргөжиж байгаа ч Орос улс одоогоор хээрийн ажиллагаанд шууд оролцохоос болгоомжилж байгаа бөгөөд Вашингтон бүс нутгийн хүчний тэнцвэрийг өөрчилж болох аливаа хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хянаж байна.
ТАТАР МАЙДАР




Гадаад




