Турк улсын хамгийн том хот болох Стамбулд аравдугаар сарын 14-ний өглөөнөөс эхлэн асгарсан хүчтэй аадар борооны улмаас томоохон хэмжээний үерийн гамшиг нүүрлээд байна. Байгалийн гамшигт үзэгдэл 16 сая орчим хүн амтай тус мегаполисын зам тээвэр, амьдралын хэмнэлийг бүрэн саатуулж, тээврийн замбараагүй байдал үүсгээд байгаа тухай Туркийн NTV агентлаг мэдээллээ.
Үерийн улмаас Фатих дүүрэгт 14 настай хүү усаар дүүрсэн шалбааг руу алхан орж, цахилгаанд цохиулан харамсалтайгаар амиа алдсан байна. Түүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч эмч нар амийг нь аварч чадаагүй аж. Стамбул хотын Онцгой байдлын газар болон Шуурхай дуудлагын төвд ердөө нэг өдрийн дотор үер ус, хөрсний нуралт, усанд боогдсон иргэд болон байшингийн дээвэр хууларсан тухай нийт 2,518 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Одоогийн байдлаар 76 тээврийн хэрэгсэл, 808 орон сууц, 280 аж ахуйн нэгж усанд автаад байна.
Авч хэрэгжүүлж буй шуурхай арга хэмжээнүүд:
Цаг уурын байгууллагаас аадар бороо цаашид ч үргэлжлэхийг анхааруулсан тул Стамбул хотын захиргаанаас дараах шуурхай хязгаарлалтуудыг тогтоолоо:
-
Хичээл сургуулийг цуцлав: Стамбул мужийн захирагч Давут Гюль аравдугаар сарын 15-ны өдөр мужийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх улсын болон хувийн сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлийг бүрэн цуцалж байгаагаа зарлав.
-
Хөдөлгөөний хязгаарлалт: Лхагва гарагийн оройноос эхлэн хотын гудамж, замуудаар мотоцикл, мопед болон бусад хоёр дугуйт тээврийн хэрэгслээр зорчихыг албан ёсоор хориглосон байна.
-
Иргэдэд өгсөн санамж: Хотын оршин суугчид болон жуулчдыг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, голын сав газар, нүхэн гарц болон үерийн эрсдэлтэй бүсүүдээс хол байхыг онцгойлон анхааруулж байна.
ТАТАР МАЙДАР






Гадаад



