Энэ гүүрийг нээхийг Бээжин яагаад яаравчилав? Пхеньян, Москвагийн ойртолтоос манай урд хөрш сэрэмжлэв үү?
БНХАУ болон БНАСАУ-ын хилийн зааг дээр баригдсан ч 12 жилийн турш ашиглалтад оролгүй гацаад байсан "Шинэ Ялу голын гүүр"-ийг Пүрэв гарагт албан ёсоор нээж, хөдөлгөөнийг нь эхлүүллээ. Энэхүү үйл явдал нь Пхеньян, Москвагийн цэрэг-улс төрийн түншлэл дээд цэгтээ тулж, Хойд Солонгос Украинд дайтах цэргээ Орос руу илгээж буй энэ үед Бээжин өөрийн нөлөөгөө хадгалж үлдэхийг хичээж буйн тод дохио гэж олон улсын ажиглагчид үзэж байна.
Хоёр улсын төрийн далбаагаар чимэглэсэн ачааны машинууд Хятадын Дандун хотыг Хойд Солонгосын Синуйжу хоттой холбосон 4 эгнээ бүхий 3 км урттай уг гүүрээр анх удаа хил нэвтэрлээ. Уг гүүр нь анх 2014 онд баригдаж дууссан ч Хойд Солонгосын тал өөрийн хэсгийн холбоос зам болон гаалийн шалган нэвтрүүлөх дэд бүтцийг бариагүй орхисноос үүдэн ийнхүү арав гаруй жил цоожтой байсан юм.

Харилцааны "Шинэ хуудас" ба Эдийн засгийн хүлээлт:
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянь Синьхуа агентлагаар дамжуулан хэлсэн үгэндээ хоёр орны харилцаа шинэ шатанд гарч, шинэ хуудас нээгдэж байгааг онцлоод, энэхүү гүүр нь хилийн бүсүүдийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг "хүчтэй дэмжих" болно гэлээ. Мөн Хойд Солонгосын Ерөнхий сайд Пак Тэ Сон нээлтийн ажиллагаанд зориулж видео мэдэгдэл хийсэн байна.
Одоогийн байдлаар хоёр улсын албан ёсны худалдааны 70 гаруй хувийг Дандун-Синуйжуг холбодог хуучин гүүр гүйцэтгэдэг бөгөөд уг гүүр нь төмөр замаас гадна авто замын хөдөлгөөн нь зөвхөн нэг урсгалаар ээлжилж явдаг тул асар их ачаалал үүсгэдэг байв. Шинэ гүүр ашиглалтад орсноор логистикийн гацаа арилж, Хойд Солонгосын бүтээн байгуулалтад шаардлагатай хүнд машин механизм, түүхий эд, эрчим хүчний бүтээгдэхүүний урсгал эрс нэмэгдэх боломжтой болж байна. Өнгөрсөн жил Хятадаас Хойд Солонгос руу хийсэн экспорт 25 хувиар өсөж, 2.3 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн 6 жилийн дээд үзүүлэлт юм.
Бээжин яагаад яаравчлав?
Сүүлийн үед Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулж, Украин дахь дайнд нь зориулж зэвсэг хэрэгсэл болон цэргийн хүчээр тусалж байгаа билээ. Хариуд нь Москва Пхеньянд цэргийн нарийн технологийн дэмжлэг үзүүлж буйг АНУ болон Өмнөд Солонгос буруутгаж байна. Орос, Хойд Солонгос мөн саяхан авто замын шинэ гүүр ашиглалтад оруулсан юм.

Хойд Солонгосын гадаад худалдааны 98 хувь нь зөвхөн Хятадаас хамааралтай байдаг. Тиймээс Пхеньян Москватай хэт ойртож, Бээжингийн нөлөөнөөс гарах вий гэсэн болгоомжлол Хятадын талд бий. Энэхүү мега гүүрийг нээснээр Бээжин Ким Жон Уны дэглэмийг эдийн засгийн хөшүүргээр өөрийн нөлөөнд барьж байх геополитикийн чухал нүүдлээ хийлээ. Гэвч НҮБ-ын хориг арга хэмжээнүүд хүчин төгөлдөр хэвээр байгаа тул худалдаа шууд хоригийн өмнөх үеийнх шиг бүрэн чөлөөтэй болох уу гэдэг нь цаг хугацааны асуудал юм гэж Сөүлийн Гённам их сургуулийн Алс Дорнод судлалын хүрээлэнгийн шинжээчид дүгнэжээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад




