Сингапурын Зэвсэгт хүчин хуучирсан артиллерийн системүүдээ шинэчлэх зорилгоор Израилаас "SIGMA" загварын 155 мм-ийн өөрөө явагч гаубицуудыг хүлээн авсан тухай тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Уг артиллерийн системийг Сингапурын 6 дугаар дивизийн 50 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлсэн байна. Баярын үеэр авсан гэрэл зургууд нийтлэгдсэн нь Сингапурын арми уг системийг худалдан авсныг албан ёсоор баталсан анхны үйл явдал боллоо.

Батлан хамгаалах яамны мэдээлснээр, "Truck Mounted Gun" (Ачааны машинд суурилуулсан буу) гэж нэрлэгдэж буй, бүрэн автоматжуулсан, дугуйт явах ангитай энэхүү шинэ гаубиц нь гинжит явах ангитай "SSPH Primus" өөрөө явагч гаубиц болон "FH-2000" чирэгч буунуудыг үе шаттайгаар орлох юм байна.
"SIGMA" өөрөө явагч гаубицын тухай
Израилын "Elbit Systems" компанийн бүтээсэн "SIGMA" систем нь 52 калибрын урттай, 155 мм-ийн их буугаар тоноглогдсон бөгөөд "Oshkosh 10×10" маркийн дугуйт ачааны машины суурь дээр суурилагджээ. Түүний автоматжуулсан цамхаг нь 360 градусаар эргэж буудах чадвартай төдийгүй 2-оос 3 хүний бүрэлдэхүүнтэй баг хуягласан кабини дотроос системийг бүрэн удирдах боломжтой аж.
Техникийн үзүүлэлтээр, уг систем нь 40 ширхэг сум, 216 модульчлагдсан цэнэг, 45 ширхэг гал асаагчийг тээвэрлэдэг байна. Галын хурд нь минутад 8 удаа буудах хүчин чадалтай бөгөөд ашиглаж буй сумын төрлөөс хамааран 41-ээс 70 км-ийн зайд байг устгах чадвартай.
Нарийвчлалтай цохилт өгөх шинэ систем
Уг арга хэмжээний үеэр Сингапурын цэргийнхэн "SIGMA"-аас гадна "Isuzu D-Max" автомашины суурь дээр бүтээсэн "Precision Land Shooter" хэмээх нарийвчлалтай цохилт өгөх хөдөлгөөнт системийг танилцууллаа. Энэхүү систем нь 3х3 харьцаатай, нийт 9 пуужин хөөргөх үүр үүсгэсэн төхөөрөмжтэй юм.
"Asian Military Review" сэтгүүлийн таамаглаж байгаагаар энэ систем нь амиа золиослогч дронуудыг (loitering munitions) хөөргөх зориулалттай байж болзошгүй гэнэ. Харин "Janes" цэргийн шинжилгээний төв үүнийг Израилын "Spike NLOS" пуужин хөөргөгчтэй гадаад үзэмжээрээ тун төстэй байгааг онцолжээ. Одоогоор уг системд яг ямар зэвсэг ашиглаж байгааг албан ёсоор зарлаагүй байна.

Сингапурын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, "Precision Land Shooter" систем нь хотын тулаан зэрэг хүнд нөхцөлд байгаа бай руу илүү хурдан бөгөөд өндөр нарийвчлалтай цохилт өгөх зориулалттай аж.
Өмнө нь "Militarnyi" хэвлэлээс мэдээлж байснаар, "Elbit Systems" компани 2021 оны 11 дүгээр сард Ази-Номхон далайн бүс нутгийн нэрээ нууцалсан нэгэн улстай 106 сая ам.долларын өртөгтэй "SIGMA" гаубиц нийлүүлэх гэрээ байгуулж байжээ. Тухайн үед үйлдвэрлэгч захиалагч тал болон захиалсан системийн тоог нууцалж байсан бөгөөд ийнхүү Сингапурт уг системийг ил болгосон нь тус улс 2021 оны гэрээний дагуу зэвсэг хүлээн авагч байсныг илтгэж байна.
ТАТАР МАЙДАР






Гадаад




