Dark Light
Гадаад | 2026-10-16

ТРАМП: УКРАИН ОРОСЫН ҮЙЛДВЭРҮҮД РҮҮ ДАХИН ХАЛДСАН НЬ ИЧГҮҮРТЭЙ ХЭРЭГ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Aaron Schwartz/Getty Images

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Зэвсэгт хүчин Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дахин цохилт өгч эхэлснийг дэлхий нийтийн өмнө үйлдсэн гутамшигтай, ичгүүртэй хэрэг хэмээн хатуу зэмлэж, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийг зориуд хөөрөгдөж байна хэмээн буруутгалаа. Трамп Newsmax хэвлэл мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа, түүний хийж буй бүх зүйл бол зөвхөн дэлхийн газрын тосны үнийг өсгөх явдал бөгөөд үүнийг үнэхээр гутамшигтай үйлдэл гэж бодож байна хэмээн мэдэгдсэн байна. Украин улс өнгөрсөн пүрэв гарагт Оросын Рязань муж дахь газрын тосны томоохон үйлдвэрт дроноор цохилт өгснөөр Трампын зуучлаад байсан эрчим хүчний түр хэлэлцээрийг цуцалж, дайралтаа үргэлжлүүлнэ гэдгээ Зеленский албан ёсоор зарлаад байсан юм.

Ерөнхийлөгч Трамп хэлэхдээ, дайны талбарт онож устгаж болох маш олон өөр бай байсаар байтал дэлхий нийтэд нэн шаардлагатай байгаа дизель түлш үйлдвэрлэдэг үйлдвэрүүд рүү буудаж байгаа нь Зеленский дэлхий нийтийн төлөө сайн зүйл хийхгүй байгаагийн илрэл гэлээ. Мөн тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай харьцуулахад Зеленскийтэй хэл амаа ололцож, харилцахад харьцангуй хүнд бөгөөд хэцүү байгааг онцлоод, би Зеленскийн тийм ч том фен биш хэмээн байр сууриа илэрхийлжээ. АНУ-ын явцын сонгууль хаяанд ирсэн энэ үед Трамп дэлхийн зах зээлд түлшний үнийг буулгах зорилгоор Оросын эсрэг авсан зарим хоригоо зөөлрүүлж, хариуд нь Москвагаас дэлхийн зах зээлд их хэмжээний дизель түлш нийлүүлэх тохиролцоо хийгээд байсан нь ийнхүү Украины цохилтоос болж нуран унах аюулд ороод байна.

Нөгөөтэйгүүр АНУ болон Украины харилцаа сүүлийн үед улам бүр муудаж байгаа бөгөөд Зеленский АНУ-ыг сонгуулийн өмнө шатахууны үнэ буулгахын тулд Оросын хоригийг цуцаллаа хэмээн хурцаар шүүмжилсэн юм. Энэхүү хоригийг зөөлрүүлсэн алхам нь Оросын талд дөрвөн жил гаруй үргэлжилж буй түрэмгийллээ улам бүр өргөжүүлэх боломж олгоно гэж Киев үзэж байна. Үүнээс гадна энэ долоо хоногт АНУ-ын зүгээс Старлинк (Starlink) хиймэл дагуулын системийн цэргийн хувилбарт хурдны хязгаарлалт тогтоож, Украины дроны довтолгоо болон агаарын довтолгооноос хамгаалах системийн ажиллагааг сулруулсан явдалд Украины тал Вашингтоныг буруутгаж, хоёр орны зөрчил улам гүнзгийрч байна. Трамп болон түүнийг дэмжигч Илон Маск нарын зүгээс дайныг зогсоох хүсэлгүй байгаа Украины одоогийн удирдлагуудыг солих шаардлагатай хэмээн удаа дараа мэдэгдэж байсан юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10