АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины дайныг зогсоох хэлэлцээнд саад учруулахгүйн тулд ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах баримт бичигт одоогоор гарын үсэг зурахгүй гэдгээ ням гарагт мэдэгдлээ.
Тэрээр өөрийн "Truth Social" платформд "Миний Оросын талаарх шийдвэр маш энгийн. Би Орос, Украины хооронд энх тайвны хэлэлцээ хийж байгаа бөгөөд Оросыг хэлэлцээрийн ширээнээс мунхгаар түлхэн холдуулах ямар нэгэн алхам хийхийг хүсэхгүй байна" гэж бичжээ. Трамп энхийн хэлэлцээ, тэр дундаа "барьцааны хүмүүсийг суллах хэлэлцүүлэг" маш амжилттай урагшилж байгааг онцолсон ч барьцаанд байгаа хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Шаардлагатай бол уг баримт бичигт дараа нь ч гарын үсэг зурж болно гэдгээ тэрээр нэмж дурджээ.
АНУ-ын Конгрессоос баталсан уг баримт бичигт Оросын албан тушаалтнууд, банкууд, эрчим хүчний наймаачдад хориг тавих, мөн Оросын газрын тос, хийг үргэлжлүүлэн импортолж буй орнуудад өндөр тариф тогтоох зэрэг арга хэмжээнүүд тусгагдсан байсан юм.
Трамп: "Орос улс Иранд туслахгүй байгааг хэвээр үлдээх хэрэгтэй"
Трамп Москвад үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэхээс татгалзсан өөр нэг шалтгаанаа Орос улс Иранд маш бага дэмжлэг үзүүлж байгаатай холбон тайлбарлав. Тэрээр "Орос улс Исламын Бүгд Найрамдах Иран Улсад тусалж чадах байсан хэмжээнээсээ хавьгүй бага, бараг үгүй шахуу тусламж үзүүлж байна. Би энэ байдлыг хэвээр хадгалахыг хүсэж байна" гэжээ.
Зеленскийг хатуу шүүмжлэв: "Тэр дайныг зогсоох сонирхолгүй байна"
Ерөнхийлөгч Трамп Украины зүгээс Оросын газрын тос, дизель түлшний үйлдвэрүүд рүү халдаж байгааг маш хатуу шүүмжилсэн байна. Түүний үзэж буйгаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский эдгээр халдлагууд нь АНУ-ыг оролцуулаад дэлхийн дизель түлшний зах зээлд ноцтой хохирол учруулж байгааг мэдсээр байж халдлагаа үргэлжлүүлсээр байгаа аж.
Үүнээс болж фермерүүд, малчид болон бизнес эрхлэгчид шатахууны өндөр өртөгт нэрвэгдэж байхад Орос улс олон улсын зах зээлд сая сая баррель дизель түлшийг хямд үнээр нийлүүлсээр байгааг Трамп сануулав. Тэрээр "Зеленский үүнийг тоохгүй байна" гээд, Украины удирдагчийг дайныг зогсоох сонирхолгүй байна гэж буруутгажээ. Мөн Зеленский хоёр жилийн өмнө илүү дээр гэрээ байгуулж болох байсан, гэтэл одоо Украин улс сүйрч, асар их газар нутгаа алдаж, хүнд хохирол амслаа гээд "БИ ЭНЭ ДАЙНЫГ ТӨГСГӨХИЙГ ХҮСЭЖ БАЙНА!" хэмээн томоор бичиж уриалсан байна.
Украин болон АНУ-ын улс төрчдийн байр суурь
Трампын Оросын эсрэг хоригийг хойшлуулж, Оросоос дизель түлш импортлохыг зөвшөөрсөн шийдвэр нь Киев болон АНУ-ын хоёр намын хууль тогтоогчдын зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулаад байна. Зеленскийн зүгээс Москвад үзүүлэх шахалтыг сулруулах нь Оросыг дайныг зогсооход биш, харин ч үргэлжлүүлэхэд урамшуулна гэж үзэж байгаа юм.
Украины тал Оросын эрчим хүчний дэд бүтэц рүү хийж буй халдлагаа Оросын арми Украины цахилгаан станцуудыг устгаж байгаагийн хариу арга хэмжээ бөгөөд Оросын цэргийн санхүүжилтийг бууруулах зорилготой гэж зөвтгөж байгаа ч, Трамп дэлхийн эрчим хүчний үнийг өсгөхгүйн тулд Киевээс эдгээр халдлагаа зогсоохыг удаа дараа шаардсаар байна.
ТАТАР МАЙДАР





Гадаад




