АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио аравдугаар сарын 18-ны орой гэргийгийн хамт Узбекистан улсад хүрэлцэн ирлээ. Америкийн төлөөлөгчдийн хөлөг онгоц Самарканд хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна.
Нисэх буудалд Марко Рубиог Узбекистан улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Саида Мирзиёева, Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Сержио Гор болон АНУ-аас Узбекистан улсад суугаа Элчин сайд Жонатан Хеник нар угтан авчээ.

Төв Азийн таван орны Гадаад хэргийн сайд нар Самаркандад цугларна
Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Самарканд хотноо зохион байгуулагдах АНУ болон Төв Азийн таван улсыг (Казахстан, Кыргызстан, Таджикистан, Туркменистан, Узбекистан) нэгтгэсэн "C5+1" форматын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцох юм. Мөн айлчлалын үеэр бүс нутгийн орнуудын төлөөлөгчидтэй хоёр талт хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.
АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, Марко Рубиогийн Узбекистан болон Энэтхэг улсуудыг зорих гадаад томилолт аравдугаар сарын 17-ноос 22-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд тэрээр Узбекистаны дараа Энэтхэгийг зорих ажээ. Америкийн талын мэдэгдсэнээр, энэ удаагийн "C5+1" уулзалт нь АНУ болон Төв Азийн орнуудын стратегийн хамтын ажиллагаа, бүс нутгийн энх тайвныг бэхжүүлэх болон эдийн засгийн хэлхээ холбоог өргөжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
Төрийн нарийн бичгийн дарга Рубио өмнө нь тайлбарлахдаа, Төв Азийн таван орны Гадаад хэргийн сайд нарыг бүрэн бүрэлдэхүүнээр нь оролцуулах үүднээс айлчлалын товыг ийнхүү урьдчилан нарийн тохиролцсон болохыг дурдаж байжээ.
ТАТАР МАЙДАР






Гадаад




