АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн оронд “өөр хэн нэгэн” Украиныг төлөөлж ОХУ-тай хэлэлцээ хийх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр В.Зеленскийг газар нутгийн буулт хийхийг хүсэхгүй байна хэмээн шүүмжилсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч 10 дугаар сарын 19-ний өдөр Цагаан ордны гадна сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Энэ дайныг аль эрт шийдвэрлэх ёстой байсан юм. Магадгүй Зеленский Оростой хэлэлцээ хийх өөр хэн нэгнийг томилох цаг нь болсон байж магадгүй” гэж мэдэгджээ.
Сэтгүүлчид түүнээс “Зеленский таныг түүхийн буруу талд зогсож байна гэж үзэж байгаа” талаар тодруулахад, Д.Трамп “Зеленский юу ярьж байгаагаа өөрөө ч мэдэхгүй байна” хэмээн хариулсан байна. Түүнчлэн тэрбээр “Үнэнийг хэлэхэд Зеленский тийм ч их тус болохгүй байгаа бөгөөд түүнийг дайныг дуусгахыг хүсэхгүй байна гэж би бодож байна” хэмээгээд АНУ-аас үзүүлж буй тусламжийн хариуд Украин улс “юу ч” өгөөгүй хэмээн буруутгажээ.
Хэвлэлийнхний зүгээс Д.Трампын энэхүү мэдэгдлийг Украины Ерөнхийлөгчийг “хууль бус” бөгөөд хэлэлцээ хийх эрхгүй гэж үздэг Оросын суртал ухуулгатай өнгө ижил байна хэмээн онцолж байгаа юм.
Киевийн байр суурь:
Нөгөө талаас Украины Ерөнхийлөгч В.Зеленский 10 дугаар сарын 18-нд Bloomberg агентлагт өгсөн ярилцлагадаа Вашингтоны зүгээс сүүлийн үед гаргаж буй үйлдлүүд нь Киевийг Оросын өмнө буулт хийж, үгэнд нь орохыг шахаж байна хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр үүний жишээ болгон "Starlink" хиймэл дагуулын сүлжээний үйл ажиллагаанд хязгаарлалт тавьсан болон Европын холбоотнуудынх нь аль хэдийн төлбөрийг нь төлчихсөн байсан "Patriot" агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужингуудыг нийлүүлэх үйл ажиллагааг хойшлуулж буйг нэрлэжээ.
Өмнө нь В.Зеленский хэлэхдээ Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй сайн харилцаатай байсан ч түүнийг дайныг хүчээр зогсоож чадахгүй гэдгийг дурдаж байсан юм.
ТАТАР МАЙДАР




Гадаад



