Тэрээр Францын үймээнд Э.Макроныг буруутгав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Франц улсыг нөмрөөд буй олныг хамарсан үймээн самуун, эсэргүүцлийн жагсаалд тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макроны баримталж буй цагаачлалын бодлогыг буруутгалаа. Тэрбээр хэрэв Францын тал түүний өгсөн зөвлөгөөг дагасан бол энэхүү эмх замбараагүй байдлаас сэргийлж болох байсан гэж мэдэгджээ.
Д.Трамп Цагаан ордны гадна сэтгүүлчидтэй уулзахдаа “Парис тун удахгүй Лалын шашинт хот болох гэж байна, анх ийм тохироо байгаагүй” хэмээгээд цагаачдын урсгал Францын нийслэлийн хүн ам зүйн бүтцийг бүрэн өөрчилсөн гэж шүүмжилсэн байна. Мөн тэрбээр “Эммануэль бол миний найз. Би түүнд аль эрт Францад том алдаа хийж байна, дэлхийн өнцөг булан бүрээс бүх хүмүүсийг оруулж байна гэж хэлж байсан. Тэр хилээ эрт хаах хэрэгтэй байсан юм” хэмээн нэмж дурджээ.
Франц дахь нөхцөл байдал ба хөл хорио:
Францын Парис, Лилль, Ницца зэрэг томоохон хотуудад амралтын өдрүүдээр үймээн самуун, дэлгүүр тонох үйлдэл болон жагсагчид цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн гарсантай холбогдуулан орон нутгийн шинжтэй хөл хорио тогтоож, олон нийтийн цугларалтыг хязгаарлаад байна. Францын Дотоод хэргийн яамны мэдээлсэн дүнгээр үймээний үеэр 2,400 орчим хүнийг баривчилж, цагдаагийн 1,000 орчим алба хаагч бэртэж гэмтсэн бөгөөд Бямба гарагт нэг жагсагч зүрх нь зогссоны улмаас амиа алджээ. Мөн 3,000 орчим дэлгүүр, худалдааны цэг сүйдсэн байна.
Парис хотын цагдаагийн газраас Даваа гарагийн 20:00 цагаас эхлэн зарим бүсэд жагсаал хийхийг хориглож, Бүгд найрамдах улсын талбай (Place de la Republique) болон Ле-Аль (Les Halles) орчимд 23:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоосон байна. Францын Ерөнхий сайд Себастьян Лекорню улс орон даяар онц байдал зарлах боломжийг үгүйсгээгүй бөгөөд “Дэг журмыг сэргээх миний шийдвэр төгс байна” гэж мэдэгджээ.
Э.Макроны хариу үйлдэл:
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон телевизээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, гарсан хүчирхийллийн дүр зурагт харамсаж, ичгүүр төрж байгаагаа илэрхийлээд “Үүнийг юу ч зөвтгөхгүй, юу ч тайлбарлахгүй, бас уучлахгүй” гэж мэдэгджээ. Тэрбээр тайван замаар жагсаж буй иргэдийн шаардлагыг хууль ёсных гэж үзэж байгаа ч үүнийг үймээн самуун таригчдын үйлдэлтэй хутгаж болохгүйг онцолсон байна.
ТАТАР МАЙДАР




Гадаад



