Сансрын тойрог замд АНУ, Финланд болон ОХУ-ын хооронд геополитикийн ноцтой сөргөлдөөн үүсэж, хоёр хиймэл дагуул мөргөлдөхөд ердөө 26 метр дутуу байна.
Сансрын хяналтын "Orbital Radar" системийн мэдээлсэн хугацаагаар 2026 оны аравдугаар сарын 19-нд ОХУ-ын цэргийн зориулалттай "Космос-2612" хиймэл дагуул АНУ-Финландын арилжааны болон тагнуулын зориулалттай "ICEYE-X36" дагуултай маш аюултай зайд ойртон иржээ. Сансрын уудмаар аялагч хөлөг, дагуулууд хоорондоо 1 километрээс дотогш зайд ойртохыг "критик" буюу маш аюултай нөхцөл байдал гэж үздэг байна.
Уг хиймэл дагуул яагаад Оросын бай болов?
Аюулд ороод буй "ICEYE-X36" нь цаг агаарын ямар ч нөхцөлд, үүлэрхэг байсан ч дэлхийн гадаргуугийн зургийг радар ашиглан маш тод авдаг дэвшилтэт технологийн дагуул юм. Хамгийн гол нь уг дагуулын цуглуулсан мэдээллийг Украины тал тагнуулын зорилгоор Оросын эсрэг ашиглаж байгаа гэж үздэг байна.
Стратеги ба олон улсын судалгааны төвийн (CSIS) шинжээчид Оросын энэхүү үйлдлийг АНУ болон Европын эсрэг чиглэсэн сансрын уудман дахь "саарал бүсийн" дарамт шахалт, сүрдүүлэг гэж тодорхойлжээ.
Матрёшка хүүхэлдэй шиг нууц зэвсэг үү?
АНУ-ын албаны хүмүүс Оросын "Космос" цувралын дагуулуудыг дотроосоо өөр биет, эсвэл жижиг дагуул гаргаж ирдэг "Матрёшка" хүүхэлдэйтэй зүйрлэн, зэвсгийн систем байх магадлалтай гэж өмнө нь анхааруулж байв. Оросын дагуулууд 2026 оны дөрөвдүгээр сард хөөрснөөсөө хойш ийнхүү ер бусын маневр хийж, "ICEYE" дагуулуудыг мөрдөж эхэлжээ.
Мөргөлдвөл юу болох вэ?
Сансрын пуужингийн шинжээчдийн үзэж байгаагаар Орос уг дагуул руу шууд халдаж, устгах магадлал бага гэнэ. Учир нь "ICEYE-X36"-ыг устгавал АНУ-ын Батлан хамгаалах яам (Пентагон)-ы хөрөнгө рүү халдсан шууд дайны өдөөлт гэж үзнэ. Мөн хоёр тал хяналт тавьж байгаа учраас санамсаргүй мөргөлдөх эрсдэл бага ч, хэрэв ямар нэгэн байдлаар мөргөлдвөл энэ нь шууд олон улсын зэвсэгт мөргөлдөөнийг эхлүүлэх аюултай юм.
Одоогоор Оросын дагуул ямар нэгэн байдлаар халдлага хийгээгүй, зөвхөн хажуугаар нь зэрэгцэн нисэж байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад



