Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский болон АНУ-ын албаны төлөөлөгчид мягмар гарагт Норвегийн нийслэл Осло хотноо "маш үр дүнтэй" хэлэлцээ хийсэн байна. Энэхүү уулзалт нь Украины удирдагч болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хооронд Оросын дайны асуудлаас үүдэн хэдэн өдрийн турш үргэлжилсэн ширүүн маргаан, үл ойлголцлыг эцэслэн шийдвэрлэх зорилготой байв.
Зеленский уулзалтын дараа Вашингтоны зүгээс Оросын цэргийнхэн Украины иргэний объектууд болон эрчим хүчний станцууд руу хийх гэж буй цохилтын талаарх тагнуулын мэдээллийг дахин дамжуулж эхэлсэнд талархал илэрхийлжээ.
Ослогийн уулзалт ба шинэ санал, санаачилгууд
Трампын тусгай элч Стив Виткофф Ослогоос шууд ОХУ-ыг зорин ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, дөрвөн жил үргэлжилж буй дайныг зогсоох хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.
Уулзалтад Стив Виткоффоос гадна Трампын хүргэн Жаред Кушнер ханиад хүрсний улмаас цахимаар оролцжээ. АНУ-ын албаны хүний мэдээлснээр "Украины тал уулзалтын үеэр цоо шинэ санал, санаачилгуудыг дэвшүүлсэн, маш бүтээлч яриа өрнөсөн" гэсэн байна. Нааштай уур амьсгал бүрдэхээс өмнө Трамп Оростой дизель түлш нийлүүлэх гэрээ байгуулж, Украиныг Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө зогсоохыг шаардсан ч татгалзсан хариу авсныхаа дараа Зеленскийг албан тушаалаас нь огцрохыг ууртайгаар шаардаж, хоёр талын харилцаа туйлын ширүүн уур амьсгалд ороод байсан юм.
Цагаан ордны шахалт болон Starshield системийн маргаан
Хэдийгээр Ослод уулзалт амжилттай болсон ч Дональд Трамп Цагаан ордноос Украинд шахалт үзүүлсээр байна. Тэрээр хахир өвлийн улирал айсуй энэ үед Зеленскийг Оростой "тохиролцоо хийхийг" хүсэж байгаагаа илэрхийлээд, 2025 оны 2 дугаар сард Зууван танхимд болсон шууд нэвтрүүлгийн үеэр өөрийнх нь санал болгосон нөхцөлүүдийг хүлээж аваагүйд нь Зеленскийг дахин шүүмжилжээ.
Мөн хоёр орны зөрчил гүнзгийрэхэд нөлөөлсөн хэд хэдэн чухал асуудал хөндөгдсөн байна:
-
Тагнуулын мэдээлэл ба пуужингууд: Зеленский АНУ-ыг чухал тагнуулын мэдээллийг зориудаар нууцалж, Европын орнуудын аль хэдийн мөнгөө төлчихсөн "Патриот" (Patriot) пуужингуудыг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийн гарын үсэг зурагдахыг хүлээн Пентагонд саатуулж байна гэж буруутгасан.
-
Starshield системийн хурд: Украины тал фронтын шугам дээр ашигладаг АНУ-ын цэргийн хиймэл дагуулын системийн хурд удааширсан гэж мэдээлсэн. Трамп үүнд тушаал өгөөгүй гэж мэдэгдсэн ч "Wall Street Journal" сонинд мэдээлснээр уг хурдыг удаашруулах тушаалыг Илон Маск өөрөө өгсөн болохыг бататгажээ.
"Бид ч ширээний ард байх ёстой"
Трамп ирэх сард Хятадад болох уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Оросын ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж цөмийн зэвсгээс ангижрах болон Украины дайныг хэлэлцэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Энэ нь Киевийг хэлэлцээрээс гадуур үлдээх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.
Үүний хариуд Зеленский Ослод сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө: "Хэрэв Украины асуудал, манай ирээдүйн тухай яригдаж байгаа бол бид заавал хэлэлцээрийн ширээний ард сууж байж л үүнийг хүлээн зөвшөөрөх боломжтой. Энэ бол маш тодорхой зарчим" хэмээн байр сууриа хатуу илэрхийллээ.
ТАТАР МАЙДАР






Гадаад



