Dark Light
Гадаад | 2026-10-21

"МЕТА" КОМПАНИ БРАЗИЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧДИЙГ АЛАГЧЛААГҮЙ ГЭДГЭЭ МЭДЭГДЭВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Yenişafak
Фэйсбүүк, Инстаграм платформыг эзэмшигч "Мета" (Meta) компани Бразилд болох гэж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад нэр дэвшигчдийн хэнийг нь ч илүүд үзэж, давуу байдал олгоогүй хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Мөн тус компани алгоритмын алдаанаас үүдэлтэй гомдлыг шийдвэрлэхийн тулд сонгуулийн сурталчилгааны аккаунтуудад хийх хязгаарлалтыг заавал хүний оролцоотойгоор дахин хянадаг (human review) журам нэвтрүүлснээ Бразилын Сонгуулийн дээд шүүхэд (TSE) мэдэгдсэн байна. 
 
Талуудын гомдол ба алгоритмын асуудал
 
Энэхүү алхам нь Бразилын Ажилчдын намаас (PT) "Мета" компанийг одоогийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силвагийн сонгуулийн сурталчилгааны контентуудыг хязгаарлаж, эсрэг талын нэр дэвшигч Флавио Болсонарогийн талд үйлчилж байна гэж буруутгасны дараа хийгдсэн юм. 
 
"Мета" компани шүүхэд гаргасан тайлбартаа ямар нэгэн тал зассан үйлдэл гаргаагүйг дурдаад, сонгуулийн шийдвэрлэх сүүлийн шатанд алгоритмын автомат хаалт аль нэг талд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлж, автомат хязгаарлалтад орсон сурталчилгааны аккаунтуудыг 2 цагийн дотор багтаан хүнээр дахин хянуулах тусгай зохицуулалтыг ням гарагийн санал хураалт дуустал хэрэгжүүлнэ гэв. 
 
Хиймэл оюун ухаан ба улс төрийн сурталчилгааны хяналт
 
Сонгуулийн хорооноос өмнө нь нэр дэвшигчдийн дүр төрхийг ашигласан хиймэл оюун ухааны (AI) контентуудыг зохицуулахыг "Мета"-гаас шаардаж байсан юм. Компаниас өгсөн дата мэдээллээр, тэд AI ашиглан хийсэн байж болзошгүй гэж тэмдэглэгдсэн 1,204 постыг хянаснаас: 
  • 720 постыг сонгуулийн шошго, тэмдэглэгээний журам зөрчсөн тул устгаж, блоколсон.
  • 270 постыг шаардлагатай тайлбар, тодруулгыг зөв байршуулсан байсан тул хэвээр үлдээсэн.
  • 214 постыг сонгуультай хамааралгүй контент гэж тодорхойлсон байна.
Түүнчлэн, Мета зөвхөн Сонгуулийн дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн нэр дэвшигчид, нам, эвслүүдэд л улс төрийн төлбөртэй сурталчилгаа явуулах эрх бүхий "цагаан жагсаалт" (whitelist) гаргаж, бүртгэлгүй этгээдүүд сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөс сэргийлжээ. 
 
"Энэ бол зориудаар хассан хэрэг биш, техникийн хязгаарлалт"
 
Инстаграм (Instagram) платформ дээрх хамтарсан постуудын (collaborative posts) зөвлөмжийг бүхэлд нь хаах шаардлага гарсан нь нэр дэвшигчдийг зориудаар хавчсан үйлдэл биш, харин тухайн аппликейшний системийн архитектурын техникийн хязгаарлалт байсан гэж Мета тайлбарлав. 
 
Компанийн төлөөлөгчид санал хураалт эхлэхээс өмнө техникийн дутуу асуудлуудыг эцэслэн шийдвэрлэхээр Сонгуулийн дээд шүүхийн удирдлагуудтай яаралтай уулзалт хийх хүсэлт гаргаад байна. Лула болон Болсонаро нарын хоорондох шийдвэрлэх ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт 10 дугаар сарын 25-ны өдөр болох хуваарьтай байна. 
 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10