Казахстан, Азербайжан улсууд Оросоос интернетийн гарцын хамааралгүй болох стратегийн болон геополитикийн маш том бие даасан алхам хийсэн нь энэ юм.
Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев болон Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев нар Каспийн тэнгисийг дамнасан шилэн кабелын шугамыг (ВОЛС) албан ёсоор ашиглалтад орууллаа. Тэнгисийн ёроолоор нийт 380 километр урт, 600 орчим тонн жинтэй тасралтгүй үргэлжлэх интернет кабелийг суурилуулсан байна. Энэхүү мега төсөл нь Ази, Европыг холбосон дижитал мэдээлэл дамжуулах хурдыг үлэмж нэмэгдүүлэх шинэ коридор болж байна.
Хятадаас Каспийн тэнгис хүртэлх ложистикийн операци
Казахстаны Актау хотоос Азербайжаны Сумгаит хот хүртэл үргэлжлэх уг кабелийг тэнгисийн ёроолд суурилуулах ажил амаргүй байсныг албаныхан онцоллоо. Инженерүүд цэргийн сургуулилт хийдэг бүс болон усан онгоцны зангууны зогсоолуудыг тойрч гарах аюулгүй замыг тодорхойлохын тулд тэнгисийн гүний рельефийг маш нарийн судалжээ.
"Казахтелеком" АО-ийн ТУЗ-ийн дарга Багдат Мусины хэлснээр:
"Уг кабелийг Японы технологиор Хятадын өмнөд хэсэгт орших үйлдвэрт захиалж хийлгэсэн. 600 тонн жинтэй, дундаа огт тасралтгүй үргэлжлэх энэхүү аварга кабелийг Каспийн тэнгис хүртэл 3 ширхэг аварга хүнд даацын трейлерээр тээвэрлэж авчирсан. Түүхийн хугацаанд ийм хол зайд, ийм хэмжээний кабелийг тээвэрлэж байсан тохиолдол үгүй" хэмээв. (ред. хүнд даацын трейлер (heavy-duty lowbed trailer эсвэл трал) гэдэг нь овор хэмжээ маш том, хэт хүнд ачааг тээвэрлэхэд зориулагдсан, тусгай хийцтэй, намхан тавцантай чиргүүл юм).
Уг төсөл дээр хагас жилийн хугацаанд олон улсын 20 гаруй компани, 200 гаруй шилдэг мэргэжилтнүүд ажиллаж, тусгай зориулалтын хөлөг онгоцоор тэнгисийн ёроолд суулгасан байна.
Орос, Хятадыг тойрсон альтернатив зам ба 200 сая долларын ашиг
Өнөөдрийг хүртэл Төв Азийн олон улсын интернет урсгалын ихэнх хувь нь Орос болон Хятадын нутаг дэвсгэрээр дамждаг байсан бол энэхүү шинэ кабель нь Азербайжанаар дамжин Европ руу гарах гуравдагч бие даасан альтернатив замыг нээж өглөө.
Казахстан улс энэхүү цахим транзитаар дамжуулан Европ-Хятадын хоорондох мэдээллийн урсгалын хувиа 3%-иас 10% хүртэл өсгөх зорилго тавьж байна. Энэ нь тус улсад жил бүр 150-аас 200 сая ам.долларын цэвэр ашиг олох боломжийг бүрдүүлж байгаагаас гадна дэлхийн технологийн гигантуудыг өөрсдийн дата-төвүүд рүү татах маш том давуу тал болж байна.
Интернет дохионы хурд 2 дахин сайжирна
Шинэ замаар мэдээлэл дамжуулахад дохио очих хугацаа эрс багасах юм. Жишээлбэл, одоо Алматы хотоос ХБНГУ-ын Франкфурт хүртэл мэдээлэл дамжуулах саатал (ping) 70 миллисекунд байдаг бол шинэ маршрутаар энэ хугацаа яг 2 дахин богиносох боломжтой аж.
Энэ нь энгийн хэрэглэгчдэд интернет үйлчилгээнүүд маш хурдан хариу үйлдэл үзүүлэх (отклик), харин олон улсын банкууд, дата-төвүүд болон технологийн компаниудад санхүүгийн болон бусад мэдээллийг хормын дотор найдвартай солилцох шинэ сувгийг бий болгож байна. Энэхүү төслийг бүрэн утгаар нь "Дижитал Торгооны зам" (Digital Silk Way) хэмээн нэрлэж байна.
Төслийн тохируулга, пуужингийн шатны ажлууд одоо хийгдэж байгаа бөгөөд кабелийг энэ оны (2026 оны) эцэс гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
ТАТАР МАЙДАР





Гадаад



