Армений ерөнхий сайд Никол Пашиняны гаргасан дипломат алдаанаас болж Төрийн протоколын албаны дарга Гагик Ваноян албан тушаалаасаа огцорлоо.
Хэрэг явдлыг сөхвөл, Армений Ерөнхий сайд 10 дугаар сарын 17-ны өдөр Ереванд Кыргызстаны ерөнхийлөгч Садыр Жапаровыг хүлээн авч уулзсан юм. Гэвч тэрээр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ цаас харан уншиж байгаад, Кыргызстаны ерөнхийлөгчийг "Казахстаны ерөнхийлөгч Садыр Жапаров" хэмээн андууран дуудаж, хэл халтирчээ.
"Юуны өмнө би Казахстаны ерөнхийлөгч Садыр Жапаровыг Арменид тавтай морилохыг урьж байна" гэж Пашинян бэлтгэсэн бичвэрээсээ уншсан аж.
Уг үйл явдлын дараахан буюу 10 дугаар сарын 20-нд ерөнхий сайдын тушаалаар Төрийн протоколын албаны дарга Гагик Ванояныг ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан байна. Албан ёсны баримт бичигт чөлөөлөх болсон шалтгааныг тодорхой дурдаагүй ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон шинжээчид үүнийг ерөнхий сайдын бэлтгэсэн бичвэрт алдаа гаргасан протоколын багийнханд хариуцлага тооцсон хэрэг гэж үзэж байгаа юм.
ТАТАР МАЙДАР







Гадаад



