АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Виткофф Санкт-Петербург хотноо болсон уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг "хүмүүнлэг хүн" хэмээн сайшаасан нь Бүгд найрамдах намын хууль тогтоогчдын дунд хүчтэй шүүмжлэл, дургүйцлийг төрүүллээ. Оросын арми Украины хотууд болон иргэний дэд бүтцийг тасралтгүй бөмбөгдсөөр байгаа энэ үед ийм мэдэгдэл хийсэн нь Барууны улс төрчдийг гайхшруулаад байна.
Уг уулзалт зурагтаар шууд цацагдсан бөгөөд Стив Виткофф В.Путинд хандан "Та манай ерөнхийлөгч Трампыг хүмүүнлэг хүн гэж их ярьдаг. Гэхдээ та өөрөө ч бас хүмүүнлэг хүн бөгөөд би үүнийг тань хүндэтгэж байна" гэж хэлжээ. Энэхүү сайшаалын үг Бүгд найрамдахчуудын уурыг барж, Хойд Каролина мужийн сенатор Том Тиллис өөрийн X (Twitter) хуудсаараа дамжуулан "Стив, чи чинь солиорчихоо юу? (WTF, Steve?) 'Хүмүүнлэг' гэдэг үгнийхээ тодорхойлолтыг эхлээд хараач" хэмээн маш ширүүн шүүмжилсэн байна. Тэрээр үүнийг ичгүүртэй, байж боломгүй үйлдэл гээд, Оросын түрэмгийлэлд үр хүүхдээ алдсан Украины гэр бүлүүдтэй уулзаж үзэхийг тусгай элчид уриалжээ. Түүнчлэн Техас мужийн сенатор Жон Корнин "Үгүй ээ, Путин бол хүйтэн цуст алуурчин" гэж бичсэн бол конгрессын гишүүн Дон Бэкон үүнийг "ээлжит шившиг" хэмээн тодорхойлов.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп энэхүү маргааныг намжаахыг хичээж, уг үгийг Орост 4 гаруй жил хоригдсон Америкийн иргэн Стивен Хаббардыг сулласантай холбоотой, нарийн хүрээнд ойлгох хэрэгтэй гэжээ. Трамп "Бүх насаараа шоронд өгөрчихөж магадгүй байсан хүнийг суллаж өгсөн тэрхүү тодорхой зорилгын үүднээс л ингэж хэлсэн байх" хэмээн тайлбарласан байна. Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс тусгай элчийн үйлдлийг илүү идэвхтэй өмөөрч, "Америкийн барьцааны хүнийг суллаж өгсөн хүнд тусгай элч Стив Виткофф аятайхан үг хэлсэнтэй би санал нэг байна. Тэр бол дипломат хүн, түүний ажил бол тэднийд очиж, ажлаа бүтээх явдал" гэж мэдэгджээ. ОХУ-ын зүгээс 74 настай, АНУ-ын Агаарын цэргийн хүчний ахмад дайчин Стивен Хаббардыг сулласан явдлаа Вашингтоны хүсэлтийн дагуу Д.Трампад барьсан "сайн санааны бэлэг" хэмээн танилцуулсан байна. Стив Виткофф В.Путинтай уулзахаас нэг хоногийн өмнө Осло хотод Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж, гал зогсоох болон энхийн хэлэлцээрийн талаар ярилцаад байсан юм.
ТАТАР МАЙДАР






Гадаад



