БНХАУ-ын зүгээс Тайванийн эрх баригчдыг Сунь Ят-сений мэндэлсний 160 жилийн ойн дурсгалын арга хэмжээнд иргэдээ оролцохыг хориглосон шийдвэр гаргасанд нь дургүйцэж, эрс буруутгалаа.
Ирэх сарын 12-ны өдөр БНХАУ-д 1911 оны Синьхайн хувьсгалыг удирдагч Сунь Ят-сений мэндэлсний 160 жилийн ойг тэмдэглэх томоохон хэмжээний дурсгалын арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Хэдийгээр Тайванийн олон иргэн уг арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байгаа ч Тайванийн эрх баригчид үүнийг зарчмын хувьд хориглож, оролцсон хүмүүст ямар нэгэн байдлаар хуулийн хариуцлага тооцох, хар жагсаалтад оруулах, эсвэл ирээдүйд ажил төрөл, карьерын хувьд ямар нэгэн байдлаар боомилох, шахмал хавчилт үзүүлнэ гэсэн бодлого баримталж байгаагаа мэдэгджээ. Үүний өмнө Тайванийн Эх газрын хэрэг эрхлэх зөвлөлөөс Хятад улсыг уг дурсгалын арга хэмжээг улс төрийн зорилгоор ашиглаж байна хэмээн шүүмжилсэн байна.
Үүний хариуд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч Жан Хань мэдэгдэл хийхдээ, Тайванийн Ардчилсан дэвшилтэт нам (АДН)-ын эрх баригчид өөрсдийн тусгаар тогтнох гэсэн явцуу зорилгынхоо төлөө хоёр эргийн харилцааг таслан зогсоох бүхий л арга хэрэгслийг ашиглаж, иргэддээ "ногоон террор" үзүүлж байна хэмээн буруутгажээ. Мөн тэрээр энэхүү үйлдлийг үндэстэн болон түүхээсээ урвасан хэрэг бөгөөд хоёр улсын хоорондын зөрчилдөөнийг хурцатгах гэсэн далд санаархал хэмээн анхааруулаад, Тайванийг тусгаарлах гэсэн ямар ч хуйвалдаан амжилтад хүрэхгүй гэдгийг онцолсон байна. Хятадын тал Тайванийн эрх баригчдыг хоёр эргийн хоорондын иргэдийн зорчилт хөдөлгөөн болон соёлын солилцоонд санаатайгаар саад учруулахаа зогсоохыг шаарджээ.
Сунь Ят-сенийг Тайванийн иргэд "Үндэстний эцэг" хэмээн хүндэтгэдэг тул уг ойн арга хэмжээнд оролцох хүсэлтэй иргэд олон байгаа бөгөөд Хонконг, Макао зэрэг бүс нутгуудад аль хэдийн урьдчилсан уулзалт, симпозиумууд зохион байгуулагдаад эхэлсэн байна.
ТАТАР МАЙДАР




Гадаад



