Dark Light
Гадаад | 2026-10-22

ХЯТАДУУД САНСАРТ ЗАСВАРЫН ГАЗАР БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Хятадын стартапууд сансарт хиймэл дагуул засварлах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэхээр тэмүүлж байна. Alibaba болон China Mobile зэрэг томоохон компаниуд энэ салбарт хөрөнгө оруулалт хийж эхэлсэн ч тус улсын сансрын бодлогын хувьд техникийн чадамжийг хэрхэн бодит зах зээлийн эрэлт хэрэгцээ болгох вэ гэдэг том сорилт тулгарч байна. 

Хятадын "Sinxbot" болон "Guoyu Xingchen" (Space Robot) зэрэг стартапууд тойрог замд байгаа сансрын хөлгүүд дээр ажиллах робот хөгжүүлэх зорилгоор хэдэн зуун сая юанийн хөрөнгө оруулалт босгоод байна. Хиймэл дагуулын түлш дууссан ч доторх үнэтэй багаж төхөөрөмжүүд нь зүгээр байдаг тул сансарт нь дахин цэнэглэх, эд ангийг нь солих үйлчилгээ нь эдийн засгийн хувьд маш ашигтай харагдаж байгаа юм. Гэвч эдгээр компаниуд одоогоор туршилтын шатандаа яваа бөгөөд "Sinxbot" 2027 онд анхны туршилтаа хийхээр төлөвлөж байгаа бол "Guoyu Xingchen"-ий робот гар хараахан сансарт нисэж туршигдаагүй байна.

АНУ-ын туршлагаас үзэхэд Northrop Grumman компанийн хөлөг Intelsat хиймэл дагуулын насыг 5 жилээр уртасгаж чадсан амжилт байгаа ч, нөгөө талаар NASA-гийн бэлтгэлгүй (засварлахад зориулагдаж бүтээгдээгүй) хиймэл дагуулыг цэнэглэх OSAM-1 төсөл нь түнш олдоогүй болон техникийн асуудлаас болж цуцлагдаж байсан гашуун түүх бий. Энэ нь засвар үйлчилгээ хийх техникийн чадвар байлаа ч, түүнийг худалдаж авах тогтвортой үйлчлүүлэгчдийг төр засаг нь хүчээр бий болгож чаддаггүйг харуулж байна. 

Хятадын Сансрын удирдах газар 2025 оны төлөвлөгөөгөөрөө хувийн хэвшлийн сансрын үйлчилгээг төр худалдаж авах замаар дэмжихээ илэрхийлсэн. Гэвч хиймэл дагуулууд стандарт холболтгүй (түлшний амсар нь таарахгүй байх гэх мэт) бол сансарт засвар хийхэд хүндрэлтэй. Хэдийгээр Хятад улс 2026 онд арилжааны сансрын стандартын тогтолцоог гаргасан ч бүх хиймэл дагуулыг ийм порттой байхыг албадаагүй байна. 

Эцэст нь, сансрын засварын үйлчилгээ нь ялангуяа жижиг хиймэл дагуулуудын хувьд "засварлах уу, эсвэл зүгээр л шинийг худалдаж авч солих уу" гэдэг зах зээлийн өрсөлдөөнтэй тулгарна. Хятадын стартапуудад хөрөнгө оруулагчид мөнгө өгч бэлтгэж байгаа ч, энэ салбар бодитоор оршин тогтнох эсэх нь техникийн амжилтаас илүүтэйгээр тэднээс үйлчилгээ худалдаж авах анхны бодит "захиалагч клиент" хэзээ гарч ирэхээс шалтгаална. 




Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10