АНУ-ын Калифорни мужид 963 мянган ам.доллароор үнэлэгдсэн “Pokémon” цуглуулгын картууд хулгайд алдсан хэрэгт хууль сахиулах байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Цуглуулгын эд зүйлсийн жинхэнэ эсэх болон хадгалалтын байдлыг шалгадаг компанийн гадна байрлуулсан ачааны машинаас картуудыг хулгайлжээ.
Цагдаагийн мэдээлснээр, жолооч автомашинаа хараа хяналтгүй орхисон бөгөөд хэр удаан хугацаанд хол байсан нь одоогоор тодорхойгүй байна. Хулгайчид ачааны машины цоожийг эвдэж, доторх бараа бүхий хоёр тавиурыг авч явсан бол гурав дахь тавиурыг гэмтээжээ.
Хулгайд алдсан барааны нийт үнийг хараахан бүрэн тогтоогоогүй байна. Бостон хотын цуглуулагч Ник Эндрюсийн үзэж буйгаар, учирсан хохирол урьдчилан мэдээлсэн дүнгээс хавьгүй өндөр байж болзошгүй аж. Тэрбээр “Хэдэн мянган карт, магадгүй хэдэн сая ам.долларын үнэ бүхий зүйлсийн тухай ярьж байна” хэмээн мэдэгджээ.
Картуудаа хэд хэдэн үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс үнэлгээнд өгсөн хохирогчдын нэг нь 500 мянган ам.долларын хохирол амссанаа мэдээлсэн байна.
Зарим үйлчлүүлэгч цахим орчинд тус компаниас хэрэг явдлын талаар тайлбар бүхий захидал хүлээн авснаа бичжээ. Тэд цуглуулсан картуудаа дахин хэзээ ч олж авч чадахгүй байх, эсвэл учирсан хохирлоо зохих хэмжээнд нөхөн төлүүлж чадахгүй байх вий хэмээн санаа зовниж байгаа аж.
Компанийн төлөөлөгчид уг хэрэг цуглуулагчдад хэчнээн хүнд тусаж байгааг ойлгож буйгаа илэрхийлжээ. Тэдний хэлснээр, эдгээр карт нь олон хүний хувьд зөвхөн санхүүгийн хөрөнгө оруулалт төдий зүйл биш юм.

)





Гадаад



