БНАСАУ өөрийн өмнөд хөрш Өмнөд Солонгосыг "хамгийн аймшигтай" үр дагавар хүлээж буйг анхааруулж, цэрэгжүүлсэн хилийн дагуу шинэ сөрөг арга хэмжээ авахаа зарлалаа.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны нөлөө бүхий дүү Ким Ё Жон тус улсын албан ёсны Төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA)-аар дамжуулан мэдэгдэл хийжээ. Тэрээр Сөүлийн зүгээс тэдний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоохгүй бол өмнөд хилийн дагуу цэргийн бэлэн байдлын зэрэглэлийг бүхэлд нь чангатгана гэсэн байна. Мөн ойрын өдрүүдэд Өмнөд Солонгосын эсрэг суртал ухуулгын чанга яригчуудыг хилийн дагуу байршуулахад бэлэн болсныг зарласан нь хоёр улсын хоорондох хурцадмал байдлыг улам даамжруулж байгаа юм.
Ким Ё Жон Сөүлийн зүгээс үргэлжлүүлэн саад учруулбал ноцтой үр дагавар авчирна гэж анхааруулсан боловч яг ямар үйлдэл үүнд хүргэсэн талаар тодорхой дурдаагүй байна. Сүүлийн үеийн зөрчил нь есдүгээр сарын 21-нд Цэрэггүй бүсэд (DMZ) болсон газрын минын дэлбэрэлтээс үүдэлтэй аж. Уг дэлбэрэлтийн улмаас Өмнөд Солонгосын гурван цэрэг шархадсаны хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа юм.
Сөүлийн зүгээс Пхеньяныг зориуд мина тавьсан гэж буруутган уучлалт гуйхыг шаардсан бол Хойд Солонгос үүнийг няцааж, өөрийнх нь олон улсын нэр хүндийг гутаах гэсэн Өмнөд Солонгосын явуургүй оролдлого хэмээн буруутгажээ. 1950-1953 оны Солонгосын дайн энхийн гэрээгээр биш, зөвхөн гал зогсоох хэлэлцээрээр өндөрлөсөн тул хоёр Солонгос одоог хүртэл албан ёсоор дайны байдалд байгаа бөгөөд энэхүү мэдэгдэл нь хоёр улсын харилцааг улам дордуулж байна.
ТАТАР МАЙДАР

)





Гадаад



