АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Виткофф Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг "хүнлэг хүн" (humanitarian) хэмээн тодорхойлсныг Их Британийн Засгийн газар (Даунинг-стрит) эрс няцааж, хатуу зэмлэл үзүүллээ. Британийн тал Оросын Украиныг түрэмгийлсэн дайнд олон мянган хүн амь үрэгдсэн, мөн энгийн дэд бүтцүүд рүү нь системтэйгээр халдаж буйг онцолсон байна.
Стив Виткофф Санкт-Петербург хотноо В.Путинтэй уулзах үеэрээ ийнхүү магтсаны дараахан буюу хэдхэн цагийн дараа Оросын цэргүүд Киев хот руу пуужин болон дроноор ээлжит хүчтэй цохилт өгсөн юм.
"Хүүхдүүд болон өндөр настнуудыг дулаангүй болгож байна"
Их Британийн Ерөнхий сайдын ажлын албаны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэхдээ: "Бид энэхүү тодорхойлолтыг огт хүлээн зөвшөөрөхгүй" гээд, В.Путиныг гэм зэмгүй украинчууд болон тулааны талбарт үхүүлэхээр илгээсэн Оросын цэргүүдийг оролцуулаад олон мянган хүний аминд хүрсэн гэдгийг мэдэгдэв. Түүнчлэн, "Тэрээр хүүхдүүд болон өндөр настнуудыг дулаан, халаалтгүй болгон өлсгөж, улс орны амин чухал үндэсний дэд бүтцийг системтэйгээр онилж байна" хэмээн буруутгажээ.
Даунинг-стрит мөн Украины Гадаад хэргийн сайдын үгийг иш татсан байна. Тэрээр Оросын Киев рүү хийсэн шөнийн дайралт нь Путины "хүнлэг чанар" гэгч нь бодит байдал дээр ямар байдгийг Киев хотын оршин суугчдад харууллаа гэжээ.
Маргаан дагуулсан уулзалт ба АНУ дахь шүүмжлэл
Энэхүү дуулиан Лхагва гарагт гурван талт энхийн хэлэлцээг сэргээх асуудлаар С.Виткофф В.Путинтэй Санкт-Петербургт уулзах үеэр эхэлсэн юм. Уулзалтын эхэнд Путин Орост 2022 оноос хойш саатуулагдаад байсан 74 настай АНУ-ын иргэн Стивен Хаббардыг суллаж буйгаа зарлажээ. Үүний хариуд Виткофф талархал илэрхийлэхдээ Путиныг "хүнлэг хүн" хэмээн нэрлэсэн нь Оросын төрийн хэвлэлүүдийн видеонд үлдсэн байна.
Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын хууль тогтоогчид, тэр дундаа Трампын өөрийнх нь Бүгд найрамдах намын гишүүдийн дунд хүчтэй шүүмжлэл дагууллаа. Бүгд найрамдах намын сенатор Том Тиллис элчийн хэлсэн үгийг "ичгүүртэй бөгөөд зэвүүцэм" гэж нэрлээд, Орост хүчээр авч явсан эсвэл амь үрэгдсэн хүүхдүүдийнхээ төлөө шаналж буй Украины гэр бүлүүдийг бодож үзэхийг уриалжээ. Мөн сенатор Жон Корнин энэ тодорхойлолтыг няцааж, Путиныг "алуурчин" хэмээн нэрлэсэн байна.
ТАТАР МАЙДАР




Гадаад



