Dark Light
Гадаад | 2026-10-23

ТӨВӨДИЙН УМАРДАД 7.0 БАЛЛЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ, 16 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны хойд хэсэгт орших Нагчу бүс нутагт 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болж, олон зуун байшин барилга нурж, хүний амь эрсэдсэн ноцтой гамшиг нүүрлээд байна. 

Хятадын төрийн өмчит Синьхуа агентлаг болон орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, газар хөдлөлт 2026 оны 10 дугаар сарын 22-ны шөнө болсон бөгөөд одоогийн байдлааар харамсалтайгаар 16 хүн амь үрэгдэж, 46 хүн гэмтэж бэртсэн нь тогтоогдоод байна. Бэртсэн хүмүүсийн 11-ийнх нь биеийн байдал маш хүнд байгаа бол 35 хүн хөнгөн гэмтэл авчээ. Мөн урьдчилсан байдлаар 339 орон сууц, 20 малын саравч бүрэн нурсан байна. 

Сүүлийн 5 жилд болоогүй хүчтэй газар хөдлөлт

Хятадын Газар хөдлөлтийн сүлжээний төвийн (CENC) мэдээлснээр газар хөдлөлт орон нутгийн цагаар шөнийн 22:33 цагт тохиосон бөгөөд голомт нь газрын гүнд 10 километрийн зайд байжээ. Хятадын төв телевиз (CCTV)-ийн тэмдэглэснээр энэ нь тухайн бүс нутагт сүүлийн таван жилийн хугацаанд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон байна. 

Гамшгийн бүсэд ойролцоох мужуудаас 1,600 гаруй аврагч, мэргэжлийн бие бүрэлдэхүүнийг яаралтай дайчлан эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлээд байна. Гамшигт өртсөн иргэдэд зориулж 1,000 угсармал сууц, 3,000 орчим майхан, эвхдэг ор болон хүйтнийг ажрахгүй давах дулаан хувцас, хөнжил зэрэг тусламжийн барааг хүргэж эхэлжээ. 

Зам тээвэр, холбоо тасарч, цас орох төлөвтэй байна

Одоогийн байдлаар зарим бүс нутагт холбоо харилцааны сүлжээ бүрэн тасарсан бөгөөд төмөр замын эрх баригчид тухайн чиглэлээр дайран өнгөрдөг галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон байна. Мөн Улсын чанартай 317 дугаар хурдны зам дээр хад нуранги үүссэний улмаас замыг хааж, зөвхөн аврах ажиллагааны болон түргэн тусламжийн тэрэгнүүдийг нэвтрүүлж байгаа аж. 

Цаг уурын байгууллагаас гамшигт өртсөн Нагчу бүс нутагт ирэх гурван хоногийн турш үргэлжлэн цас орох төлөвтэй байгааг анхааруулсан тул аврах ажиллагаа болон орон гэргүй болсон иргэдийн нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10